Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Орхон аймаг, Баян-Өндөр, Жаргалант сумдын “Хүндэтгэлийн хуралдаан” энэ сарын 14-ны өдөр болж өнгөрлөө.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн найман бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор 252 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, тэдний дуу хоолой, хүсэл зориг, нийтлэг эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө үр бүтээлтэй ажилласан билээ.
Хүндэтгэлийн хуралдаанд аймгийн ИТХ-ын сонгуулийн үе үеийн бүрэн эрхийн хугацаанд хурлын даргаар ажилласан Х.Лувсаншарав, Ш.Ганбат, Д.Оюунбат, К.Даулетбай, Б.Мягмарсүрэн, П.Пүрэвлхагва нар бүрэн эрхийнхээ онцлог ажлуудаа танилцуулж, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны хөгжлийн үр дүн, сургамж, сорилт сэдвээр илтгэл танилцууллаа.
Тус илтгэлд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо хоёр дахь 30 жилийнхээ хаалгыг нээж байна. Бид хоёр дахь 30 жилд нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл явцыг олон талын харилцаа, холбооны уулзвар дээр олон улс, бүс нутгийн хөгжлийн шинэ дэг журмын талбар дээр, цахимжуулалт төрийн байгууллагын шинэ сэргэлтийн зам дээр эрчимтэй өрнүүлэх болно. Аймгийн ИТХ-ын байгууллага нь Орхон аймгийн өнөөдрийн хүрсэн түвшинг суурь түвшин болгож бодлого, үйл ажиллагаагаараа манлайлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлж Монгол улсын хөгжлийн Алсын хараа, шинэ сэргэлтийн бодлогыг үлгэр жишээ хэрэгжүүлсэн жишиг орон нутаг болгоно гэдгийг дурдсан юм.
Мөн Хүндэтгэлийн хуралдаанд 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, нийтийн хүртээл болгосон юм.