Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөнд 8 бүлэг, 124 зорилго, зорилт туссан бөгөөд биелэлтийн явц 84.8 хувийн гүйцэтгэлтэй, "Тодорхой үр дүнд хүрсэн” гэж аймгийн ИТХ-аас дүгнэлээ. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 онд бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн харьяа Эрүүл мэндийг дэмжих төвд улс болон орон нутгийн төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үзлэг шинжилгээ, оношилгооны 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж нийлүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний 36 автобусанд карт унших төхөөрөмж, чанга яригч, 20 буудалд зарлан мэдээлэх төхөөрөмж, 21 дэлгэц, 72 камерыг байршуулсан аж. Мөн "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 10 дугаар сард иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах IRGEN.ERDENET.MN системийн нээлтийг хийсэн бөгөөд 10 сарын байдлаар тус системд 155 өргөдөл гомдол, санал хүсэлт ирж, 150 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэжээ.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад 241.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Ингэснээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн хангалт 92.0 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2 хувиар нэмэгдсэн.
2022 онд орон нутгийн төсвийн 2.9 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 7 багт инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. Үүний үр дүнд 1245 өрх төвлөрсөн шугамд холбогдох боломж бүрдэж байгаа бөгөөд 113 өрх бүрэн холбогдсон зэрэг 124 арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөнд эрчимжүүлэх шаардлагатай 14 арга хэмжээ байна.