Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны байрны 1м2 талбайн үнийг 1952798 автомашины зогсоолын үнийг 21380000 төгрөгөөр тогтоон баталлаа.
Тус 260 айлын орон сууцны байрны 186 айлын орон сууцны байрыг худалдан борлуулж орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, 70 айлын орон сууцны байрыг түрээслэхээр боллоо. Түрээслэх байрны зарим хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан айл өрхөд түр хугацаагаар түрээслэх байр байна.
Мөн “Орлогод нийцсэн орон сууц”-ны журмыг хуралдаанаар баталсан бөгөөд орон сууцны байр худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй байх, өмнө нь төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох түрээсийн болон бусад орон сууцны хөнгөлөлт эдлээгүй байх, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжгүй байх, сүүлийн таван жил гэр хороололд амьдарсан байх, худалдан борлуулах байрны төлбөрийг төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шаардлагууд тавигдаж байна.