ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

2022-10-20

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн гуравдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг судалсан талаарх  мэдээлэл, “Сургуулийн цагдаа” ажиллуулах журмын шинэчилсэн төсөл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааны тайлан, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангийн талаар хэлэлцлээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн газарт 4486 хэрэг бүртгэгджээ. Үүнээс  3111 нь зөрчлийн шинжтэй, 1377 гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Цар тахлын хөл хорио тавигдаж энгийн амьдралд шилжсэнтэй холбоотойгоор Орхон аймагт бүртгэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу хэллээ. Мөн энэ онд залилах гэмт хэрэг 294 бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс  иргэд хувь хүний нууц, утасны дугаар, банкны эрхтэй холбоотой мэдээллээ үл таних этгээдэд өгөхгүй байх, өндөр дүнтэй барьцаагүй зээл олгох гэх мэт сэжигтэй саналуудад хууртахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна. Мөн иргэдэд мэдээлэл хүргэх арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

Мөн тус хурлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн ажиллах журмыг шинэчлэх төслийн талаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдээс бичгээр санал авахаар боллоо. Орхон аймгийн хэмжээнд 2022 он гарснаас хойш зам тээврийн осолд 16 хүүхэд өртсөн байна. Тус хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн ойр орчимдоо зам тээврийн осолд өртсөн байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрийг шинэчилж,  зөвхөн замын хөдөлгөөн, гарц, уулзвар нэвтрэх байдалд хяналт тавих бус, үе тэнгийнхний дарамт, шахалт, насанд хүрээгүй хүүхэд архи, тамхи хэрэглэх, олныг хамарсан зодоон зэрэг сургууль орчмын бүсэд  гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эргүүл хяналт хийхийг хөтөлбөрийн шинэчилсэн төсөлд тусгажээ. Мөн сургуулийн цагдаа хийж буй эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газраас нэг өдрийн чөлөө олгох, урамшууллын системтэй байх  зэргийг тусгаж байгааг Замын цагдаагийн тасгийн дарга Х.Одбаяр онцоллоо.