Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа.
Аймгийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 596 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94.1 хувиар өссөн байна. Үүнээс насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.8 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Тиймээс сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гурвалсан гэрээг байгуулж байна.
Хариуцлагын гэрээнд аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хүлээх үүргийг тодорхой заажээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын багийн ахлагчтай байх, сургуулийн ойр орчим, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, сурагчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр тусжээ. Мөн хүүхдийг бүх төрлийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин, тоглоомын талбай зэрэгт үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, эрсдэлийг бууруулах, сурагчдын насны онцлогт тохируулан тодорхой сэдвээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, сурагчдыг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх, багш ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сургуулийн зүгээс авах юм.
Мөн цагдаагийн байгууллага нь сургуулийн гадна, доторх орчинд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдэгдэл, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавих, сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, сургууль дээр зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг ажлуудыг хийнэ.
Түүнчлэн ГХУСАЗСЗ гэрээний биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх, талуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, ажлыг нэгтгэн зохицуулах, "School police" эргүүлийн ажлыг хийхэд шаардлагатай хувцас, хэрэгслийг олгох ажлыг зохион байгуулах зэрэг зүйлс гэрээнд тусжээ.