Аймгийн ИТХ-ын Ээлжит 9-р хуралдаанаар Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах , Сангийн журам батлах, Жаргалант ус, дулаан түгээх станц ОНӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулах, Аймгийн 2022 оны тодотгосон төсөв батлах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх, Төлөөлөгчдийн саналыг хэлэлцэх тухай гэсэн долоон асуудлуудыг хэлэлцлээ
Эрдэнэт хотын 2022-2023 онд дэд бүтцийн чиглэлээр Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд 43 төрлийн ажил төлөвлөснөөс 11 төрлийн 16,4 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын зээл, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, 32 төрлийн 33,8 тэрбум төгрөгийн ажлыг тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтаар хийгдэхээр төлөвлөжээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт дөрвөн чиглэлээр 32 нэр төрлийн арга хэмжээг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэрэгжүүлэх юм.
Мөн тус хуралдаанаар урьдчилан төлөвлөн тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй төсвийн зардлыг нөхөн санхүүжүүлэх, төсвийн бус орлогын эх үүсвэрийг санаачлан бүрдүүлэхэд Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Эрдэнэт сан”-ийн ажиллах журмыг баталлаа. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий сантай байж болно. Уг санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байна гэж заасны дагуу тус сангийн ажиллах журмыг хэлэлцлээ
Орхон аймгийн 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотголд Уртын гол багт баригдах 260 айлын 5 блок орон сууцны цогцолборын ажил, Баян-Өндөр, Жаргалант сумын “E-mongolia төв болон ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн засварын ажил, Бүрэн бүст багийн Саруул болон Залуус хотхоны авто зам, шугам сүлжээний засварын ажлын санхүүжилт, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зардал зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр баталлаа.
Түүнчлэн тус хуралдаанаар усны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хурлын тэмдэглэлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хүргүүлэхээр боллоо