ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ

2022-01-26

Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хуралдаанаар “Ногоон эрдэнэт” хөтөлбөр, “Орхон аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр, 2022 онд ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө, 2022 онд ойгоос мод бэлтгэх дээд хэмжээг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ирэх 10 жилийн хугацаанд 20 сая мод тарих юм. Энэ хүрээнд Орхон аймагт “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн төслийг тус хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжих замаар тарьц суулгацыг хэрэгцээг хангаж 20 сая мод тарих юм. Үүний үр дүнд Орхон аймгийн ойн сангийн талбайг 7.7 хувиар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Түүнчлэн ойжуулалт мод тарилт ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын сургалтыг тогтмол явуулж, мод бут сөөг тарьсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан иргэн аж ахуй нэгжийг урамшуулах, бүртгэлжүүлэх, бүртгэлийг цахимжуулах зэрэг ажлууд хийгдэх юм.   

            Мөн тус хурлаар 2022-2025 онд хэрэгжих Орхон аймгийн аялал жуулчлалын хөтөлбөрийг хэлэлцсэн бөгөөд  тус хөтөлбөр Орхон аймгийн онцлогт тохируулан хотын аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн  засгийг төрөлжүүлэн, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.