Энэ онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ыг Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэхээр зарласан байдаг. Энэ жил Үндсэн хуулийн өдөрт зориулан Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Үндсэн хууль батлахад Эрдэнэт хотоос оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад 430 оролцсоны тав нь Орхон аймгийн депутат байжээ.
Мөн өдрийг тохиолдуулан энэ сарын 8-нд “Хүчит бөхийн барилдаан” зохион байгуулах бол 10,11-ний өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл баримтлал, онцлогийг сурталчилах сургалт явуулж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн энэ сарын 10-нд “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Тус бага хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Ташрамд, Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Шинэ Үндсэн хууль нь 6 бүлэг 70 зүйлтэй.