Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орхон аймгийн Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн 2020-2021 оны хэрэгжилт, Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Аймгийн ИТХ-ын Ээлжит бус V хуралдааныг энэ сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар товыг баталлаа.
Орхон аймгийн Авто замын тээврийн хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, 19 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2019-2021 оны хэрэгжилт 73,9 хувийн биелэлттэй байгаа ажээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах, цахим картын систем нэвтрүүлэх ажлыг дуусгах, улсын чанартай авто замын хот доторх ачаалал ихтэй хэсгийг дахин төлөвлөх, авто замын ашиглалт, хамгаалалтыг хариуцах нэгжийг чадавхжуулах, дайврын үйлчилгээнд хяналтыг сайжруулж, үнийг стандартчилах, авто тээврийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах шаардлагатай байгаа талаар тус тус саналуудаа илэрхийллээ.
Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн 2020-2021 оны хэрэгжилт коронавирусын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан 46.8 хувийн биелэлттэй байгаа бөгөөд Тэргүүлэгчдээс боловсон хүчний нөөц болон материаллаг баазаа оновчтой бүрдүүлж, үр дүнтэй ажиллах хэрэгтэйг санууллаа.
Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт бүхий 17 арга хэмжээг хэрэгжүүлж 2021 онд нэг тэрбум орчим төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтын нэгжийг Орхон аймгийн ЗДТГ-аас төлөөлүүлэх, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй байгаль, орчин болон эрүүл мэндийн шинжилгээний дүнг үнэн бодит гаргах, хөтөлбөрийн үр дүнг мэргэжлийн байгууллагаар тооцуулах зэрэг саналууд гарсан бөгөөд уг асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд аймгийн ИТХ-ын хуралдаанаар өргөн бүрэлдэхүүнтэй дахин хэлэлцэхээр боллоо.