ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Газрын маргаантай асуудлыг хэлэлцлээ

2021-10-12

      Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хуралдаанаар Бүрэнбүст багийн оршин суугчдаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Адъяад хаяглан ирсэн газрын маргаантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, тавдугаар хорооллын 13, 14-р байрны хоорондох амралт чөлөөт цагийн талбайд 156 м2 талбайн эзэмшигч  Ц.Одонхүү өөрийн эзэмшлийн  газартаа ахуйн үйлчилгээний зориулалтаар барилга барихыг эсэргүүцэж, төлөөлөгчдөө ханджээ.

     Иргэн Ц.Одонхүү нь 2008 онд тухайн газрыг иргэн н.Дэчинлхүндэвээс худалдан авсан бөгөөд газрын гэрчилгээ нь орон сууцны зориулалтаар гарчээ. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас орон сууцны хороолол дунд орон сууц барих боломжгүй гэж үзсэн учраас газрын зориулалтыг ахуйн үйлчилгээний зориулалтаар өөрчилж,  хими цэвэрлэгээний газрын барилгыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ч ойр хавийн айл өрхүүд нь гомдол гаргаж, ийнхүү хорооны хурлаар хэлэлцлээ.

      Хорооны гишүүдээс Бүрэнбүст багийн оршин суугчдын гомдол, саналыг харгалзаж үзэх, харилцан ойлголцох, иргэн Ц.Одонхүүгийн эрхийг зөрчихгүй байх, багийн иргэдтэй тохиролцох, аль болох харилцан зөвшилцөх саналыг илэрхийллээ. Хорооны гишүүдээс гарсан саналыг албажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо.