ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ

2021-09-10

     Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар Дахин төлөвлөлт хийх, төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээг тогтоон батлуулах тухай, Хашаандаа хаус дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ.

      2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар болон зохион байгуулалтаар нийт  37 нэр төрлийн ажил хийгдэхээр  тусгагдсан. Үүнээс бүрэн  хэрэгжсэн 12 ажил, хэрэгжиж буй 22 ажил, удаашралтай  3 ажил  байгаа бөгөөд биелэлт 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг 9-р сарын 13, 14-с өгч эхэлнэ.

     Мөн тус хорооны хуралд дахин төлөвлөлт хийх байршлыг танилцуулсан бөгөөд Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд хэсгийн гаражийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбайн хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөх, Орон сууцны 7А хорооллын баруун хэсгийн 49-53-р гудамжны 11.9 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га томсгосон талбайгаар оруулсан ба Дэнж, Хонхорын хэсэгт 6 бранк байр, Илгээлтийн хэсэгт 5 бранк ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина.

     Дээрх 3 байршилд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хот байгуулалтад нийцсэн, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн тэгш хүртээмжтэй эрүүл аюулгүй орчинг бий болгож иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Хорооны хурлыг хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Хашаандаа хаус” дэд  хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. 

    Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш  2018-2019 онд 78 өрхөд, 2020 онд гэр хорооллын 62 айл өрхөд, 2021 онд 28 айл өрхөд дулааны техникийн нөхцөл олгосон байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Булаг, Цагаан чулуут багт УДХТ-ийг барьж ашиглалтанд оруулсан. Рашаант, Уртын гол, Дэнж багт УДТТ-ийг барихаар төлөвлөж  техникийн нөхцөлүүдийг гарган, ажлын зураг төсөв хийгдсэн.

    Гэр хороололд төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ойрын эх үүсвэрийг судлан шугам сүлжээнд холбогдох боломж бүхий бүс газрыг Дэнж, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран,Уртын гол, Рашаант, Баянцагаан баг ПДУ хэсгийн нутаг дэвсгэрт тодорхойлж хөтөлбөр хэрэгжих боломжтой багуудыг  сонгон  үе шаттайгаар зураг төслийг боловсруулан инженерийн шугам сүлжээг татах ажлыг хийж байгаа ажээ