ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Нийгмийн бодлогын хэлтсээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

2021-06-23

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хариуцан 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ач санах”, “Анхдагч”, “Эмч”, “Багш”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүдээ хайртай”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-үүдийн талаар хэлэлцэж, санал дүгнэлт өглөө. Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын бусад хөгжлийн хороодын дарга нар оролцсон бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын ажлын байранд очиж танилцсан юм.

 “Ач санах” хөтөлбөрийг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэх зорилготойгоор гурван зорилтын хүрээнд 19 арга хэмжээг хэрэгжүүлэхээр;

“Анхдагч” хөтөлбөрийг Анхдагч-илгээлтийн эздийг нэгдсэн бодлого, зохион байгуулалтад оруулах, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зорилгоор гурван зорилт 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр;

“Багш”  хөтөлбөрийг багш, ажилтны хөгжлийг дэмжиж, мэдлэг, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг  хангах,  хүний хөгжил, боловсролын байгууллагын  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гурван зорилт 16 арга хэмжээг хэрэгжүүлэхээр;

“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг залуучуудын идэвхтэй хариуцлагатай оролцоог хангах, хөгжих боломж олгоход чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж тэднийг эх оронч үзэлтэй, өөрийн болон гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн эрх, үүргээ ухамсарладаг болгох зорилгоор гурван зорилт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр;

“Эмч” дэд хөтөлбөрийг эмч нарын мэдлэг чадвар, ёс зүйн төлөвшлийг сайжруулах, гадаад харилцааг нээлттэй түвшинд хүргэх, шинэ технологи арга барилыг орон нутагт нутагшуулах, нийгмийн асуудлыг дэмжих, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хоёр зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр;

“Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг өрхийн болон бичил бизнес эрхлэгчид инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор гурван зорилт 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус хөтөлбөрийн төсөлд тусгаж Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар хэлэлцлээ.

 Эдгээр хөтөлбөрүүдийг 2017-2020 онд Орхон аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд  гарсан үр дүнг бататгах, ахиулах зорилгоор ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хөтөлбөрийн төслийг боловсруулан Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар хэлэлцүүлэхэд хорооны гишүүд төсөлтэй холбоотой саналуудаа тусгаж, хөтөлбөр тус бүрд дүгнэлт гарган Ээлжит бус II Хурлын хуралдаанаар төслөөр нь хэлэлцүүлэхийг дэмжлээ.