Орон нугийн хөрөнгө оруулалтаар барьсан Эрдэнэ багийн усан санг ирэх сарын 15-нд ажиллуулах туршилт хийж, амжилттай болсон тохиолдолд улсын комисс хүлээн авахаар болжээ. “Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах” ажлыг “Богатырь” ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг ашиглагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зураг төсвөөс зөрүүтэй хийсэн, зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн “Эм Эйч И”, ашиглагч байгууллага болох “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ын санал зөрсөн, зургийн ажлыг хийсэн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргаагүй, усан сангийн насосны барилгыг барьж дууссаны дараа халаалтыг залгаагүйгээс барилгын хэвийн ашиглалт алдагдсан зэрэг олон шалтгааны улмаас одоог хүртэл улсын комисс хүлээн аваагүй байгаа ажээ. Тийм ч учраас Дэнж, Эрдэнэ багийн иргэд тус багаас сонгогдсон АИТХ-ын Төлөөлөгчдөд хүсэлт тавьсны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудыгх оролцуулан цахим хэлэлцүүлгийг өнөөдөр АИТХ-ын Иргэний танхимаас зохион байгуулж, холбогдох гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Уг усан сан ашиглалтанд орсноор Дэнж, Эрдэнэ багийн дөрвөн худаг, 1000 гаруй айл өрхийн усны хэрэглээг хангах юм. Хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар гүйцэтгэгч байгууллагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд “Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын зураг төслийг боловсруулсан “Эм Эйч И” ХХК мэргэжлийн дүгнэлтээ энэ сарын 26-ны дотор гарган ажлын хэсэгт ирүүлэхээр болсон юм. Уг асуудлын анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд тус хэлэцүүлгээс Хотын захирагчийн албанд холбогдох байгууллагуудтай хамтран усан санг ажиллуулах шийдлийг танилцуулах үүрэг даалгавар өгөгдсөн юм. Үүний дагуу Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогтоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, ирэх сарын 15-нд усан санг туршилтаар ажиллуулан холбогдох байгууллагууд дүгнэлт гарган, улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орох боломжтой гэж үзжээ.