ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТЛАНА

2014-12-04

Манай аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн 13 цэцэрлэг байдаг. Тэдгээрийн ихэнх нь тодорхой хэмжээний төлбөртэй үйлчилгээ үзүүлж мөн улсын төсвөөс хувьсах зардал авдаг. Хүүхдүүдээс төлбөр авалгүйгээр гадны сайн дурын хандивлагч байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн хоёр ч цэцэрлэг байгаа юм. Төрийн үүрэх ачаанаас тодорхой хэмжээгээр хуваалцаж нэгэнт хүрэлцээгүй байгаа цэцэрлэгийн орон зайг бага ч гэсэн нөхөж байгаа хувийн цэцэрлэгүүдэд тулгамдаж байгаа нийтлэг асуудлууд байна. Улсын төсвөөс хувьсах зардал авдаг ч тэр нь багш нарын цалинд хүрэхтэй үгүйтэй. Хүүхдүүдээс авдаг төлбөр нь бусад ажилчдын цалин, нийгмийн даатгал, хүүхдүүдийн хоол хүнс, үйл ажиллагааны зардлаас илүү гарахгүй. Зардлаа нөхөж ашигтай ажиллах хэмжээнд төлбөрөө нэмэх боломжгүй. Зарим цэцэрлэгүүд цэцэрлэгийн байраа барихын тулд банкнаас олон саяын зээл авчихсан, эргэн төлөлт өндөртэй. Зарим цэцэрлэгийн хувьд газрын зөвшөөрлөөс эхлээд төрөөс үзүүлэх үйлчилгээтэй холбоотой хүндрэл бэрхшээл үүсчихсэн.  Яг одоогийн байдлаар манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд ийм л байдалтай байна. Нэгэнт тэд хувийн байгууллага учраас ашигтай ажиллах учиртай. Тэгж байж үйл ажиллагаагаа хэвийн явуулж төрд тусалж, түмний хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Сайн дурын буяны байгууллага биш шүү дээ. Гэтэл ашиг олох нь бүү хэл алдагдалтай ажиллах нь энүүхэнд.

Энэ маягаар явбал үүд хаалгаа барих хэмжээнд очих цэцэрлэгүүд олон байна. Бараг л нийтээрээ. Тэд хаалгаа барьчихвал хүүхдүүд хохирно. Аав ээжүүд нь ажилгүй болно. Өрхийн орлого буурч, амжиргаа доройтно. Хувийн цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдийн дийлэнх нь залуу хүмүүс байдгийг багш нар нь хэлж байгаа юм. Мөн хувийн цэцэрлэгээр хүмүүжиж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 1-нээс 3 насны багачууд байна. Улсын цэцэрлэгт авдаггүй нэг настай хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүд авч байна. Өөрөөр хэлбэл тэд яслийн үүргийг гүйцэтгэж байна гэж хэлж болмоор.

Ийм учраас хувийн цэцэрлэгийг бодлогоор дэмжих шаардлага байна. Гэхдээ орон нутгаас. Улсын төсвөөс хувьсах зардлыг таналгүйгээр өгч байвал одоохондоо илүү зүйл харалтгүй болоод байгаа. Харин орон нутгаас ямар байдлаар дэмжиж ажиллавал хувийн цэцэрлэгүүд үүд хаалгаа барьчихалгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж байгаа талаар гарц гаргалгааг эрэлхийлж Аймгийн ИТХ-ын Төсөв Санхүү Үйлдвэрлэл Эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Д.Доржпүрэв, тус хорооны гишүүн Г.Баатарсүрэн болон зарим төлөөлөгчид Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын дагуу хувийн цэцэрлэгүүдээр хоёр өдөр явж ажиллалаа. Тэд цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь явж танилцаж, эрхлэгч, багш нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд орон нутгаас ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа талаар санал солилцлоо. Цэцэрлэгүүдээр явсны дараа цэцэрлэгийн эрхлэгч нарыг зохион байгуулалттай цуглуулж орон нутгаас хүсч байгаа дэмжлэг туслалцаа, тулгамдаж байгаа бэрхшээлийг хамтдаа давах шийдэл, гарц гаргалгааны талаар санал бодлыг нь нэгтгэсэн юм.

Юутай ч Аймгийн ИТХ-ын ТСҮЭЗХХ-ноос хувийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлого баримталж байна. Ганц удаа ч гэсэн, жижиг гэлтгүй асуудлыг нь шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.