ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРДЭНЭТИЙН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2014-11-29

Монгол улсын анхны металлургийн цогцолбор болсон Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр, шингэн ширэмний үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт байрлах төмрийн хүдрийн ордоос түүхий эдээ олборлодог энэ үйлдвэр төмрийн баяжмал, ангижруулсан төмөр, ширэм, ган бэлдэц, ган бөмбөлөг, барилгын арматур зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд дотоодын зах зээлийн 40 хувийг дангаараа хангаж жилд 200 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд энэ цогцолборыг байгуулахад дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, БХБЯ-ны сайд асан Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа зэрэг хүндэт зочид Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат нарын аймгийн удирдлагууд болон “Эрдэнэт Үйлдвэр”ХХК-ийн захирлууд нээлтийн ажиллагаанд оролцлоо.

“Бэрэн металл”ХХК-ийн ашиглалтанд оруулж буй Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр ийнхүү ажиллаж эхэлснээр Монгол улсын төмөрлөгийн импортын хэрэглээг 100 сая хүртэлх ам доллароор багасгаж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд стандартад нийцсэн өндөр чанартай ган төмөрлөг бүтээгдэхүүн нийлүүлэх, шинээр 1500 орчим ажлын байр бий болгох, ирээдүйд машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, нарийн төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжих боломжийг бий болгох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм. 

Төмөрлөгийн үйлдвэрийн нээлтийн дараа аймгийн удирдлагууд болон “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн захирлууд бас нэгэн шинэ үйлдвэрийн нээлтэнд оролцсон нь “Мэйнспринг”ХХК-ийн резинэн бүтээгдэхүүний үйлдвэр юм. Ороннутагт үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа энэ үйлдвэр нь улсын хэмжээнд байгуулагдаж буй анхны үйлдвэр бөгөөд түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Ийнхүү өнөөдөр импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн тодорхой хувийг өөрсдөө хангах боломжийг бүрдүүлсэн, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо шингээх ач холбогдол бүхий хоёр ч чухал үйлдвэр Эрдэнэт хотод нээлтээ хийлээ.