Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Олимпиадын нэршил өөрчлөх тухай, Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Багш” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эмч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Ач санах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Анхдагч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Чөлөөт цагийн талбай” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Багийн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан. Боловсролын салбарыг хөгжүүлэх энэхүү дэд хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлж, боловсролын салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, чадавхжуулах, багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, дотоод хяналт, шалгалтыг тогтмолжуулах гэсэн зорилтуудын хүрээнд 4 жилийн хугацаанд 57 ажил төлөвлөн ажиллаж байгаа аж. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм.
Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2018 онд 4 зорилтын хүрээнд 20 арга хэмжээ төлөвлөн ажиллаж, биелэлтийн үнэлгээ 90 хувьтай дүгнэгдсэн байна. Тус хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүргэх” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Малчин баг байгуулах асуудлыг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх, баг бүр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдтэйгээ ажиллах, нутаг дэвсгэрээ хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багийн иргэдэд төр, засгийн бодлого, орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, баг, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг тодорхой төлөвлөгөөт олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Аймгийн ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11/04 дүгээр тогтоолоор Баян-Өндөр суманд Малчин багийг байгуулсан. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж багийн ИНХ-ын дарга болон багийн Засаг дарга сонгогдон үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Одоогоор Малчин багт 150 орчим өрхийн 500 гаруй иргэн бүртгэгджээ.