ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2014-11-27

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал боллоо. Хурлаар нийт 5 асуудал хэлэлцсэн бөгөөд эхний асуудал нь 2014 оны эхний 10 сард Орхон аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчил, цаашид анхаарах асуудлын тухай байлаа. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг аймгийн цагдаагийн газраас танилцуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн юм. Цагдаагийн газрын мэдээлэлд дурдагдсанаар:

  • Орхон аймаг дахь цагдаагийн газар нь 2014 оны эхний 10 сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 9571 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 1804 нь гэмт хэргийн шинжтэй, 4832 нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээллүүд байна.
  • Дээрх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 463 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 55 хэрэг буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна
  • Танхайрах хэрэг 36,8 хувиар, Хулгайлах хэрэг 37,7 хувиар, Бусдын эд хөрөнгө завшиж, үрэгдүүлэх болон Залилан мэхлэх хэргүүд 14,7 хувиар, Булаах 28,6 хувиар, Бусдын нохойд уруулж, гэмтсэн хэргүүд 42,9 хувиар тус тус буурсан байна.
  • 200 сэжигтэн гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан нь нийт хэргийн 43 хувийг эзэлж, урьд оны мөн үеэс 7 хувиар өссөн бол гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 95 бүртгэгдсэн нь нийт хэргийн 20,5 хувийг эзэлж, урьд оны мөн үеэс 2,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаагийн 509 гаруй сая төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэлт 41 хувьтай байна.
  • Гэмт хэрэгт 465 сэжигтэн холбогдон шалгагдаж байгаагийн 291 буюу 62,5 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байна. Нийт сэжигтний 45 буюу 10 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа нь урьд оны мөн үеэс 28,6 хувиар буурсан байна.
  • Архидан согтуурч, зөрчил гаргасан 4051 хүнийг түр саатуулсан нь 5,3 хувиар буурсан. Зөрчил гаргасан 817 хүнийг СДШүүхээр 7-30 хоногоор баривчлуулсан нь 4,7 хувиар, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1705-ыг илрүүлсэн нь 11 хувиар, 1249 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь 11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.