ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2014-11-26

Аймгийн ИТХ-ын дарга сар бүрийн сүүлийн 7 хоногт сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгдөг. Энэ дагуу 11-р сарын уулзалтыг өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд хурлын дарга өнгөрсөн сард хийгдсэн онцлох ажлуудын талаар болон аймаг орон нутгийн үйл амьдралтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл өглөө. Дараа нь сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

Хотын  шуудан сонины эрхлэгч Н.Мөнхтөр:

  • Архины тусгай зөвшөөрөлтэй 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг иргэд өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд цуглаж эсэргүүцэл илэрхийлж байна. Тэдний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалж “Номин” худалдааны төвд архины худалдааг төвлөрүүлэх захирамжийг Аймгийн засаг дарга гаргасан гэх юм. Архи худалдах цэгүүдийг хааснаар архидалтыг  бууруулж чадна гэж үзэж байгаа юм уу, нэг цэгт төвлөрүүлснээр өрсөлдөөний хуулийг зөрчиж байгаа юм биш үү?
  • Засаг дарга ийм захирамж гаргасан талаар надад одоогоор мэдээлэл байхгүй байна. Аймгийн ИТХ-ын зүгээс шаардаж байгаа нэг зүйл бий. Юу гэхээр, 2011 онд Аймгийн ИТХ-аас холбогдох хууль тогтоомжид уялдуулж баталсан нэг журам бий.  Энэ журамд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ч төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа хэдэн заалт байдаг. Тэдгээрийг амьдралд хэрэгжүүлж чадвал архидан согтууралт болон согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үздэг. Тиймээс батлагдсан журмыг мөрдүүлж, амьдралд хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газруудаас шаардаж байгаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга одоогоор УИХ-аар батлагдаагүй. Энэ хуулийг батлагдах хүртэл орон нутагт архи худалдаалах тусгай зөвшөөрлийг сунгахгүй байя гэсэн зүйл яригдаж байгаа. Түүнээс биш 8 нэрийн худалдааны дэлгүүрүүдийг хаая, тусгай зөвшөөрлийг нь цуцлая гэсэн зүйл байхгүй. Харин архины борлуулалтыг нэг цэгт төвлөрүүлэх асуудлаар хурлын байгууллагад одоогоор мэдээлэл ирээгүй байна. Ер нь архины худалдааг хавтгайруулахгүйгээр тодорхой цэгт төвлөрүүлэх нь болохгүй ч зүйл биш болов уу гэж би хувь хүнийхээ хувьд бодож байна.
  • 2015 оны төсвийн тухай хууль сая батлагдсан. Энэ хуулинд төрийн албаны бүтэц, орон тоог 2012 оны байдлаар тооцож төсвийг нь тусгасан байгаа. 2012 оноос хойш манай аймагт төрийн албаны бүтэц, орон тоо бас нэмэгдсэн. Үүнийг Аймгийн ИТХ төсвөө батлахдаа яаж авч үзэх вэ?
  • Орон нутгийн төсөв, түүнтэй холбоотой асуудлуудыг Аймгийн ИТХ өөрөө шийдээд явдаг. Энэ хүрээнд орж ирсэн төслийг хурлын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Улсын болон бусад хөрөнгө оруулалттай холбоотой асуудалтай хэр уялдаж байгааг харгалзаж аль болох төсвийг хэмнэлттэй батлах байр суурь барьж байгаа. Аймгийн ИТХ тусдаа байгууллагынхаа хувьд төсвийн төслөө аймгийн төрийн сангийн хэлтэст гаргаж өгдөг. Өнгөрсөн 7 сард төслөө гаргаж өгсөн. Тэр үед ч гэсэн төсвийн хэмнэлтийн асуудал яригдаж байсан учраас аль болох хурлын байгууллагын төсвийг танах байдлаар оруулах байр суурийг барьсан. Үндсэндээ манай хурлын байгууллагын төсөв 2014 онтой харьцуулахад 2015 онд 100 гаруй сая төгрөгөөр танагдаж орж байгаа. Үүнтэй адилхан бусад байгууллагууд ч гэсэн аль болох тэвчиж болох зардлуудаа хойш нь тавьж зайлшгүй хэрэгжүүлэх ажлуудаа санхүүжүүлээд явах байх гэж бодож байна.
  • Аймгийн МАН-аас Аймгийн засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг албан тушаалаа хэтрүүлж хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Авилгатай тэмцэх газарт хандсан. Энэ дагуу Авилгатай тэмцэх газраас Аймгийн ИТХ-д албан бичиг ирүүлсэн. Тэр албан бичигт ямар хариу өгсөн бэ?
  • Аймгийн засаг дарга, ЗДТГ-ын даргатай холбоотой асуудлаар Авилгатай тэмцэх газраас бичиг ирсэн. Аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгээс аймгийн засаг дарга, тамгын газрын даргатай холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газарт хандаж түүний дагуу Авилгатай тэмцэх газраас шалгаад явсан юм байна лээ. Дараа нь Авилгтай тэмцэх газраас Ганболд даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Тэр бичигт шалгалтаас гарсан дүнг үндэслээд зохих хариуцлагыг хуулийн дагуу тооцоод хариуг нь ирүүл гэсэн байсан. Тэр бичиг манай ирсэн бичиг дотор байгаа. Үзэж харж болно. Ингээд бид нар аймгийн засаг даргатай холбоотой асуудлаар албан тодруулгуудыг авсан. Холбогдох тайлбаруудыг ч мөн авсан.  Ингээд 2014 оны 11 сарын 11-нд 550 тоот албан бичгээр авилгатай тэмцэх газарт хариуг нь явуулсан. Тэр явуулсан бичиг нь энэ байна. Та бүхэн үзэж сонирхож болно. Харин ЗДТГ-ын даргад хариуцлага тооцох нь засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас хуралд төдийлөн хамааралгүй.
  • Аймгийн аудитын газар иргэдийн хуралд тайлангаа тавьдаг. Өнгөрсөн зун тайлангаа тавьсан. Энэ үеэр айдитын газраас тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай саналаа ирүүлсэн. Тэр дундаа төсвийн байгууллагын нягтлангуудад. Энэ тал дээр хурлын байгууллага ямар бодлого баримталж байгаа вэ?
  •  Аймгийн аудитын газар хурлын байгууллагад үндсэн үйл ажиллагаагаа тайлагнадаг боловч удирдлага, зохион байгуулалт, бүтцийн хувьд УИХ-д хамаатай болчихсон. Гэхдээ аудитын зөрчлүүдийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зэрэг асуудлуудыг зөнд нь орхихгүй. Ирэх 12 сарын 4-нд хуралдах Аймгийн ИТХ-ын  ээлжит хуралдаанаар аудитын тайланг хэлэлцэнэ. Тэр үед  энэ асуудал дахиад сөхөгдөнө. Хичнээн хүнд ямар хариуцлага тооцсон юм, тэдгээр нь зохих хариуцлага байж чадсан уу, эсвэл тухайн хүнийг нэг орон тооноос нөгөө орон тоонд шилжүүлснээр асуудал шийдэгдэв үү гэдэг асуудлууд тодорхой болох байх. Яг өнөөдрийн байдлаар тийм хүнд тэгж хариуцлага тооцлоо гэсэн албан бичиг надад ирээгүй байна.