Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой 01 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа билээ. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг угтан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран өнөөдөр зохион явууллаа.
Үндэсний бөхийн барилдааны нээлтэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн БТСГ-ын дарга С.Зулбаатар болон ардын Их Хурлын депутатууд оролцлоо. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ардын Их Хурлын депутатуудад талархал илэрхийлэн бөхийн барилдааныг нээж үг хэлсэн юм.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх барилдсанаас аймгийн арслан Д.Хишигдаваа түрүүлж, аймгийн начин Билгүүндалай үзүүрлэсэн бол аймгийн арслан Чулуунгэрэл, Гантөмөр нар шөвгөрсөн юм.