ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ШАГНАЛЫН ЦОМ, МЕДАЛИЙН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2014-11-06

                        удирдамж

 

Нэг. Үндэслэл

Орхон аймгийн ИТХ-аас аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд олгодог зарим шагналыг өөрчлөхтэй холбогдуулан шинээр бий болгох шагналын цом, медалийн загварын уралдааныг зарлаж байна.          

Хоёр. Уралдааны зорилго

Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, олон нийтэд үлгэр дууриал болж тэдний бахархал хүндэтгэлийг хүлээсэн иргэдийг хүндэтгэн урамшуулах Аймгийн ИТХ-ын шагналын биет илэрхийлэл болсон цом, медалийн давтагдашгүй загвар бүтээхэд уралдааны зорилго оршино.

Гурав. Уралдаанд хамрагдаж буй шагналуудын нэр

  1. Орхон аймгийн ИТХ-ын дээд  шагнал “Цагаан Арслан” цом
  2. Аймгийн ИТХ-ын хүндэт шагнал “Иргэний төлөө” медаль

Дөрөв. Шагналын агуулга, утга санаа

            Орхон аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан Арслан” цом нь нутгийн удирдлагын байгууллагын хамгийн хүндэтгэлтэй шагнал байх бөгөөд аймаг орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, үнэтэй санал санаачлага гаргаж хэрэгжүүлсэн, олон нийтэд тустай сайн үйл бүтээж гавъяа байгуулсан, аймаг, хотынхоо нэрийг улс орон цаашлаад дэлхийн хэмжээнд дуурсгаж амжилт гаргасан хүнийг хүндэтгэн алдаршуулах эрхэм шагнал юм.

            Орхон аймгийн ИТХ-ын хүндэт шагнал “Иргэний төлөө” медаль нь ажиллаж буй салбартаа онцгой амжилт гаргаж хамт олноо манлайлсан, олон жил үр бүтээлтэй ажиллаж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, олон нийт, хамт олондоо үлгэр дуурайл болж тэдний бахархалыг хүлээсэн хүмүүсийг хүндэтгэн урамшуулах шагнал юм.

Тав. Уралдааны хамрах хүрээ

Уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд оролцох иргэд, уран бүтээлчдэд ямар нэгэн шалгуур тавихгүй. Уралдаанд оролцогчид цом, медалийн загварын төслийг хийж бүтээхдээ загварын хэмжээ, өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

Зургаа. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага

  • Загвар нь Орхон аймгийн бэлгэдлийг шингээж, онцлогийг илтгэсэн байна.
  • Загвар нь чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн байна.
  • Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.
  • “Цагаан Арслан” цомын суурь хэсэг нь 20 см өндөртэй, 10-15 см орчим өргөнтэй байвал зохино. Загварын хэлбэр дизайнаас шалтгаалан хэмжээ нь энд дурдсанаас бага зэрэг өөрчлөгдөж болно.
  • “Цагаан Арслан” цомын арслантай хэсэг нь 15 см орчим өндөртэй байх бөгөөд арслан нь Эрдэнэт хотын бэлгэдэл болсон цагаан арслан байна.
  • “Цагаан Арслан” цомыг дагалдах хүндэт өргөмжлөлийн загварыг агуулга хэлбэрийн хувьд уялдуулан гаргасан байна. 
  • “Иргэний төлөө” медаль нь энгэрт зүүхэд зориулагдсан байх бөгөөд хэмжээний хувьд дундаж, хэт том эсвэл хэт жижиг биш байна.
  • “Иргэний төлөө” медалийн зүүх хэсэг болон унжлага хэсэг нь хэлбэр агуулгын хувьд Эрдэнэт хот, Орхон аймгийн онцлогийг шингээсэн байна.
  • Загварыг компьютерийн мэргэжлийн программ /Adobe Photoshop, Corel Draw, InDesign/-аар болон гараар тус бүр зурсан байна.
  • Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр зурсан байна.
  • Бүтээлийг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.

Долоо. Бүтээлийг хүлээн авах

Бүтээлийг 2014 оны 11 сарын 28 хүртэл хүлээн авна. Уралдаанд оролцогчид бүтээлүүдээ цахимаар ирүүлэх болwww.orkhonaimag.itkh@yahoo.com хаягаар, биечлэн авчирж өгөх бол Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхарт 315 тоотод хүлээн авч байна.

Найм. Шагнал урамшуулал

  1. Орхон аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан Арслан” цом

Шалгарсан бүтээл – Нэг сая төгрөг

  1. Орхон аймгийн ИТХ-ын хүндэт шагнал “Иргэний төлөө” медаль

Шалгарсан бүтээл – Таван зуун мянган төгрөг

 

                           Уралдааны талаарх мэдээллийг 9655-0411, 7035-8568 дугаараас лавлана уу.