ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУСЫН САНААЧЛАГА БИЕЛЭЛЭЭ ОЛЛОО

2014-11-06

Орхон аймаг дахь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Доржпүрэвтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтаж улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан орон нутагт хэрэгжиж эхлээд байгаа “Залуучуудын хөгжлийн төв”-ийг анх санаачлан Эрдэнэтийн залуусдаа танилцуулж байжээ.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. “Залуучуудын хөгжлийн төв”-ийг анх санаачилж байсан талаар тань яриагаа эхлэе.

Бид идэвхитэй ажилладаг олон залуучуудын байгууллагын нэг л хэсэг. Гэхдээ бид залуучуудаа зөв зүйлийн төлөө уриалж тэдний төлөө олон ажил санаачилан ажиллах үүрэг хүлээсэн гэж боддог. Тиймээс Монгол залуу хүний  үнэт зүйл юу вэ, залуу хүн бүр зорилгодоо хэрхэн хүрэх вэ, залуусын дуу хоолой төрийн бодлого шийдвэрт тусч байна уу, залуус нэгдэн нягтарч тулгардаг асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх гарцыг олох гээд олон асуултууд бидний өмнө байдаг. Залуучууд мэдээллээр дамжуулан мэдлэг олох, нийт залуучуудын нийтлэг эрх ашгийн төлөө шийдэл гаргаж нэгдэж чаддаг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх мөн олон мянган залуучуудын мэдлэгээ тэлэх оюуны уурхай бий болгох нь зайлшгүй шаардлага байна гэж үзсэний үндсэн дээр анхлан энэ санаа төрсөн. 2010 оноос Эрдэнэтийн залуусдаа энэ санаагаа илэрхийлж эхэлсэн. 

-Таныг дөнгөж үүнийг санаачилаад явж байхад нутгийн удирдлагууд, ялангуяа Эрдэнэтийн залуучууд хэр хүлээж авсан бэ?

Анхны санал санаачлага гэдэг утгаар хүмүүст их өөрөөр тусдаг байсан байх. Бүтэшгүй зүйл гэдэг ч юм уу. Тухайн үед бол МАН төр барьж байсан. Тиймээс  Эрдэнэтийг удирдаж байсан удирдлагуудад саналаа бичгээр гаргаж шийдэж өгөөч гэж хандаж байсан ч шийдэгдэж чадаагүй. Тэгсэн ч гэсэн нийт залуучуудынхаа эрх ашгийн төлөө үнэт зүйл түгээх тийм орчинг бий болгох зорилго байсан учраас бидэнд ухрах зам байгаагүй. Энэ санал санаачлага зөвхөн Эрдэнэтээр хязгаарлагдахгүй Монголын нийт залуучуудад хүрэх хэрэгтэй гэж үзэн 2011 онд АЗХ-ны Бага чуулганд санал оруулж 100%-ийн саналаар дэмжигдсэн учраас 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орж тусгагдсан.

-За тэгээд сонгуульд нам ялчихсан. Өнөөдрийн байдлаар хэрэгжилтийн хувьд хэр байна вэ?

Улс төрийн сонгуулиар олонхи болсон нам Засгийн газраа байгуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт туссанаар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Хүүхэд залуучуудын хэлтэс гэж шинэ бүтэц бий болсоноор “Залуусын хөгжлийн төв”-ийн санаачлага амьдралд мөн хөрсөн дээр буух суурь нь тавигдсан гэж боддог. Ингэж хэрэгжиж үр дүнгээ өгөхөд тус хэлтсийн дарга н.Мишээлийн хичээл зүтгэл их байсныг дурьдах нь зөв байх. Танай сайтаар дамжуулан Мишээлдээ мянга мянган залуусын өмнөөс талархалаа илэрхийлж баярлалаа гэж хэлмээр байна.

-Хөрөнгө оруулалт, санхүүгийн хувьд хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан, Люксэнбүргийн Засгийн газар, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр 2017 он хүртэл “Залуусын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжинд Монгол улсад 11 аймагт “Залуусын хөгжлийн төв”-ийг байгуулах шийдвэр гарсан. Тэгэхээр л бидний энэ санаачлага зөв байжээ гэж ойлгогдож байгаа. 2017 оноос Засгийн газар, орон нутаг өөрсдийн эдийн засгийн нөөц боломжинд тусгаж цаашид дэмжих шаардлага үүсч байгаа. Тиймээс тус төвийг цогцоор нь харж тэр орчинг бүрдүүлэх нь залууст том дэмжлэг болно гэж бодож байгаа.

-Өнөөдрийн байдлаар ямар шатандаа хэрэгжиж байна вэ?

Өнөөдөр тус төв маань одоо байгаа боломжиндоо тулгуурлан байгуулагдсан  нь залуучууд руугаа чиглэсэн оюуны мэдлэгээ тэлэх маш чухал боломжоор нэг алхам урагшиллаа гэж хэлмээр байна. Харин цаашид хүүхдийн ордны хүүхдүүдийнхээ орон зайнаас хумсалж, залуучуудын маань хөгжих орчин нь энэ хирээр хумигдмал байна гэж харахгүй байгаа. Бидний зорьж байснаар нийгэмд үйлчилдэг бүх залуучуудын төв оффисийг тэнд байгуулах. Учир нь тухайн аймгийн цаашлаад бүх улсынхаа залуучуудын нийтлэг эрх ашгийн төлөө дуугардаг, үйл ажиллагаагаа явуулдаг залуусын байгууллагууд нэг дороо цуглаж, нийтлэг дуу хоолойгоо илэрхийлж байх ёстой. Хоёрдугаарт хуульч, инжежнер, эдийн засагч, бизнесмэн гэх зэргээр залуучууд нь төрөлжөөд орон нутаг болон улс орныхоо төлөө өөрсдийн мэдлэгээ дайчилж төрөлжсөн клубууд байгуулагдах боломжтой. Тэгэхийн тулд залуучууд хуралддаг, уулздаг өрөөг нь бий болгож, нэг үгээр орчинг нь бий болгох хэрэгтэй. За тэгээд архи тамхигүй орчин бүхий кафе, номын сан, сүүлийн үеийн интернет холболттой байх нь чухал. Ингэснээр залуучуудад маань мэдээлэлд суурилсан мэдлэгтэй болох зам нээгдэнэ. Залуусын хөгжлийн төв нээгдсэнээр амжилттай яваа залуус нь бусаддаа лекц унших, туршалагаасаа хуваалцах зэргээр тусалж залуусын хөгжлийг түргэсгэх маш чухал ач холбогдолтой.

ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ