ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДАГУУ

2014-10-21

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-28-р байрны оршин суугчдаас тус байрны халаалтын доголдол, сантехникийн шугам сүлжээний асуудлаар Аймгийн ИТХ-ын даргад удаа дараа хандаж санал хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж 2-28-р байрны оршин суугчидтай өнөөдөр уулзаж, амьдарч байгаа орчин нөхцөлтэй нь танилцлаа.

Ажлын хэсэгт Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Р.Рагчаа, Оюут багаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус хорооны гишүүн Д.Баярмагнай, “Эрдэнэт-Ус”ОНӨҮГ-ын ерөнхий инженер Ц.Мягмарсүрэн, Мэргэжлийн хяналтын эрчим хүчний хяналтын газрын улсын байцаагч М.Анхбаяр, ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одбаатар, Хотын захирагчийн албаны мэргэжилтэн н.Тулгабаатар зэрэг албаны хүмүүс ажиллалаа. Мөн Оюут багийн засаг дарга О.Мөнх-Од, СӨХ-ны дарга Ганхуяг зэрэг холбогдох хүмүүс байлцаж ажлын хэсгийнхэнд мэдээлэл өгсөн юм.

2-28-р байрны оршин суугчдын хувьд зарим айлд одоо хүртэл халаалт ирээгүй, халаалт муу, сантехникийн шугам сүлжээ нь чанаргүй хийгдсэн, хагарч задардаг, ус алддаг гээд олон бэрхшээлтэй байсаар ирсэн. Энэ бүх асуудлаа оршин суугчид ажлын хэсгийнхэнд хэлж тайлбарлан, зарим оршин суугчид гэр орноороо оруулж бодит нөхцөл байдлаа үзүүлж харууллаа.

Энэ байрны инженерийн шугам сүлжээ, сантехникийн хэвтээ болон босоо шугамыг шинэчлэх ажлын зураг төсөв хийгдсэн байдаг. Зураг төсөв хийлгэх хөрөнгийг энэ багаас сонгогдсон төлөөлөгч Д.Баярмагнай Аймгийн ИТХ-аар шийдүүлж зургийг нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн ч шугам сольж шинэчлэх ажил хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан хийгдээгүй байгаа юм. Ирэх 2015 оны төсөв төлөвлөгөөнд 2-28-р байрны инженерийн шугам, сангийн асуудлыг шинэчлэх ажлыг тусгахад хэр хэмжээний өртөг зардал шаардлагатай талаар, мөн цаашид ямар арга хэмжээ авч болох талаар мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг авах нь өнөөдрийн ажлын бас нэг зорилго байсан.

Иргэдийн гомдлын дагуу 2-28-р байранд ажлласан тухай тайлан, ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтүүдийг нэгтгэн Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд илтгэх хуудсаар танилцуулах юм.