ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЖАРГАЛАНТЫН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТ

2014-10-17

2014.10.16

ЖАРГАЛАНТЫН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТ

                                              ЖАРГАЛАНТЫН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТ

Аймгийн ИТХ-аас “Форум” нээлттэй хэлэлцүүлгийг аймгийнхаа бүх багийн иргэдийн  дунд улирал тутам зохион байгуулдаг. Энэ хэлэлцүүлэгт онцлог хоёр давуу тал бий. Нэгдүгээрт төр засаг, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлуудын талаар холбогдох албаны хүмүүс иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажлаа тайлагнадаг. Хоёрдугаарт иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдэнд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх талаар Аймгийн ИТХ-ын даргын зүгээс холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулахад анхаарч ажиллдаг. Өөрөөр хэлбэл нэг талаас иргэдийг мэдээллээр хангаж, нөгөө талаас тэдний ажил амьдралтай танилцаж, асуудлыг шийдэх гарц эрэлхийлсэн үр дүнтэй ажил болж хэвшсэн юм. 

Форум хэлэлцүүлэг өнөөдөр “Жаргалант сумын иргэдийн тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн  хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, төлөөлөгч Р.Цэрэндорж, Г.Баатарсүрэн, Жаргалант сумын засаг дарга С.Дангаасүрэн,  Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал, ХХАА, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Т.Отгон, МХГ-ын улсын ахлах байцаагч Д.Лхагважав, Аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн байцаагч н.Бат-Амар, ГХБХБГ-ын дэд дарга Д.Цолмон зэрэг албаны хүмүүс оролцож хариуцсан чиглэлүүдээрээ иргэдэд мэдээлэл өгч асуултанд хариуллаа. 

Хэлэлцүүлгийн эхэнд иргэдэд орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч дараа нь иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс 20 гаруй хүн санал хүсэлтээ хэлж, давхардсан тоогоор 60 гаруй асуулт асууж, санал хүсэлт гаргалаа. Тэдгээрээс хамгийн олон давтагдсан саналууд нь гэр хорооллын гэрэлтүүлэг, малын хулгай, бэлчээрийн даац, сүү болон хүнсний ногооны борлуулалт, зоорины аж ахуй, ахмадын автобус зэрэг асуудлууд байсан юм. Иргэдийн асуулт, санал хүсэлтэнд холбогдох албаны хүмүүс хариулт, нэмэлт мэдээлэл, тайлбар өглөө. Иргэдээс гараж байгаа зарим санал сум, аймаг орон нутгийн түвшинд яригдаж ажил хэрэг болж байгаа бол зарим боломжтой саналуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ хэлэлцүүлэгт оролцсон албаны хүмүүс мэдэгдлээ.

 

Иргэн Ц.Мөнхөлдорж:

Жаргалант сумын бэлчээрийн даац хүрэлцээгүй байна. Мөн малын хулгай их гарах боллоо. 

 

 

 

 

Иргэн Л.Бадамсамбуу:

Мал эмнэлэгийн шинжилгээний явуулын лабораторитой болох хэрэгтэй байна.  Мөн суманд ногооны нэгдсэн зоорь байгуулвал ногоочдын ажил амьдралыг дэмжсэн чухал ажил болно. 

 

 

 

Иргэн н.Тавхай:

Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг муу байна. Ихэнх гэрэлтүүлэг нь ажилладаггүй.

 

 

 

Иргэн н.Бадамсэд

Биотехнологи, мал үржлийн газрын салбарыг Жаргалант суманд байгуулвал малын чанар, үйлдэр угсааг сайжруулах, цаашлаад үр шимийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ ажлын зураг төсөв нь хийгдсэн, газрын асуудал нь шийдэгдсэн. 

 

 

 

Иргэн н.Түмэнжаргал:

Сумын төвд хэдэн үхэртэй, сүүнээс өөр орлогогүй айл өрх олон бий. Эрдэнэтийн сүүний үйлдвэрүүдэд малчид сүүгээ нийлүүлэх цэгийг Жаргалант суманд байгуулвал эндээс нэгдсэн журмаар сүүгээ цуглуулаад нийлүүлэх боломжтой болно.

 

 

 

Сургуулийн захирал н.Дашням

Жаргалант суманд сурагчдын дотуур байр байхгүй. 38 хүүхэд дотуур байрны зориулалтгүй байранд  сууж байна.