ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРГАЦ ХУРААЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2014-09-24

УРГАЦ ХУРААЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Жаргалант сумын нутаг дэвсгэрт тариалсан үр тариа, төмс хүнсний ногооны ургац хураалтын байдалтай танилцлаа. Ажлын хэсэгт Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ, төлөөлөгч Я.Бэгзжав, М.Болдбаатар, Үйлдвэр ХАА-н газрын дарга Т.Отгон, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, мэргэжилтэн Ө.Нурбек, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Цэрэнням, сумын засаг дарга С.Дангаасүрэн нар ажиллалаа.

            Жаргалант сумын Улаантолгой, Дулаан-Уул багт тариалсан үр тариа, хүнсний өргөн хэрэглээний ногооны тариалалт, ургацын байдлыг газар дээр нь очиж танилцаж, тулгамдаж буй бэрхшээл, тариаланчдын санал бодлыг судлан ярилцаж хэсэгчилсэн байдлаар дүгнэлт хийхэд энэ ажлын зорилго оршиж байгаа юм. Энэ талаар Аймгийн ИТХ-ын даргын яриаг  хүргэе.          

            Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарүрэн: Аймгийн нутгийн удирдлагын байгууллага бол гаргасан бодлого, шийдвэрийнхээ хэрэгжилтэнд хяналт тавьж, орон нутгийн ажил хэрхэн явагдаж байгааг иргэдийнхээ дунд орж харж байх нь чухал. Бид өвөлжилтийн бэлтгэл ажил аймаг орон нутагт хэр явагдаж байгааг нэг бус удаа үзэж харна. Энэ удаа Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч Жаргалант суманд үр тариа, төмс хүнсний ногооны ургац хураалтын байдалтай танилцаж байна. Манай аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гурван том аж ахуйн нэгж бий. Тэдгээрээс “Орхон тариа”ХХК-ийн ургац хураалттай танилцлаа.  Орхон тариа компани энэ жил 700 орчим га-д тариалалт хийсэн, тариа харьцангуй өтгөн ургасан гэсэн мэдээллийг өгч байна. Энэ нь хур бороо сайтай байсны дээр үрээ шинэчилсэнтэй бас холбоотой юм. Энэ жил сэлэнгэ сортын элит үр тариалсан нь олон жил тарьсан хуучин үрнээс харьцангуй болц сайтай, дээр нь нэг га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тариаланчдад тулгамдаж байгаа нэг зүйл бол тариан талбай руу мал ордог асуудал юм байна. Тариан талбайн ойр хавийн малчид талбай руу малаа санаатай болон санаандгүй байдлаар оруулдаг, энэ нь тариаланчдын хүч хөдөлмөрийн үр шимийг үнэгүйдүүлж, тодорхой хэмжээний хохирол учруулдаг талаар тариаланчид хэлж байна. Тариан талбай руу малаа оруулахгүй байх сумын засаг даргын захирамж байдаг ч тэр нь хэрэгждэггүй. Малчид болон тариаланчдын дунд байдаг энэ асуудлыг шийдвэрлэхийг сумын удирдлагуудад бас чиглэл болголоо. 

“Орхон тариа”ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ажлын хэсэг “Талын нуур”ХХК-ийн ногооны талбайг зорилоо. Энэ жил ургац арвинтай, хүнсний ногооны гарц, болц сайн байгааг “Талын нуур”ХХК-ийн захирал Д.Батболд хэлж байна. Хүнсний ногоо тариалагчдын хувьд тулгамдаж байдаг гол асуудал нь борлуулалт, үнэ ханш гэдгийг тэрээр ажлын хэсгийнхэнд хэлж байлаа. Намар ногоо хямдхан байхад ажилчдын хөлс, банкны зээлд захирагдаад бид хураасан хэдийгээ ченжүүдэд маш хямдхан бөөнддөг. Харин ченжүүд авсан ногоогоо цааш нь бараг 2 дахин нугалсан үнээр зах зээлд борлуулдаг. Хэрэв төр засаг, аймаг орон нутгаас хүнсний ногоо тариалалтыг бодлогоор дэмжээд,  зохицуулалт хийгээд өгвөл зоорины аж ахуйг хөгжүүлж жилийн дөрвөн улиралд иргэдээ боломжийн үнэтэй, чанартай ногоогоор хангаад байх боломжтой гэдгийг тэрээр онцолж байлаа.