ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XVIII ХУРАЛДААН БОЛЛОО

2014-09-23

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 9-р сарын 18-нд боллоо. Хуралдаанд оролцвол зохих 31 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч оролцов. Мөн Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд болон хуралдаанд асуудал оруулан хэлэлцүүлж байгаа холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуралдааныг орон нутгийн Номин телевизээр 12 цагийн турш шууд дамжуулахын зэрэгцээ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын 7035-0494 дугаарын утсыг хурлын танхимд ажиллуулж, иргэдийн асуулт, санал хүсэлтийг төлөөлөгчдөд танилцуулан холбогдох хариултыг шууд эфирээр хуралдааныг явцад өгч ажиллалаа. Энэ удаагийн хуралдаанаар 5 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. Орхон аймгийн нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн тухай Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн илтгэл тавьж төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ. Ажлын хэсгийн шинээр боловсруулсан “Орхон аймгийн нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт” нь үндсэн 5 үзүүлэлт, тэдгээрийг тооцох аргачлалуудаас бүрдэж  байгаа юм. Тухайлбал, Нутаг дэвсгэр,байгаль орчин, Санхүү, эдийн засаг, Дэд бүтэц, Нийгэм, хүн ам зүй, Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалт гэсэн үндсэн 5, шалгуур 67 үзүүлэлтээр нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг тооцох юм.  Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг шалгуур үзүүлэлт, түүнийг тооцох аргачлалтай болж байгааг төлөөлөгчид сайшааж шалгуур үзүүлэлтийг баталлаа. Ингэснээр нутгийн удирдлагын үйл ажиллагааг жил бүр дүгнэж, Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, гарсан дүнг олон нийтэд мэдээлж байх боломж бүрдэж байна.

2.  Орхон аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид зохиох ажлын тухай Аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт илтгэл тавьж, Орхон аймгийн боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг танилцууллаа. Уг хөтөлбөрт боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх 6 зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хүрэх үр дүнг тодорхойлжээ. Орхон аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар төлөөлөгчид санал шүүмжлэлээ хэлж, төлөөлөгчдийн  гаргасан оновчтой саналуудыг уг хөтөлбөрт тусгаж баталлаа.

3. Баян-Өндөр сумын Малчин багийг өөрчлөн Жаргалант суманд шилжүүлэх тухай Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх илтгэж хуралдаанаар хэлэлцүүллээ. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай. Аймгийн төв болох Эрдэнэт хот нь Баян-Өндөр сум гэсэн статустай байдаг. Баян-Өндөр сумын малчин багт мал бүхий иргэд амьдардаг ч тэдэнд хадлан бэлчээрийн газар нутаг хүрэлцээгүй байдгаас өөр сумруу шилжүүлэх шаардлага гарсан. Энэ дагуу Орхон аймгийн ХАА, газар тариалангийн бүс нутаг болох Жаргалант сумруу Малчин багийн шижлүүлэх асуудал яригдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасны дагуу баг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрхтэй байдаг. Энэ хүрээнд хадлан бэлчээрийн газар нутаггүй, зэргэлдээх аймаг, сумдын малчдад шахагддаг Малчин багийг Жаргалант суманд шилжүүлэхийг олонхын саналаар шийдвэрлэлээ.

4. Гэрийн тэжээвэр нохой муурыг бүртгэлжүүлж, пайз, гэрчилгээтэй болгож албан татвар тогтоох асуудлыг Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцуулж хэлэлцүүллээ. Баян-Өндөр сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг багуудын ажлын албатай хамтран гэрийн тэжээвэр болон золбин нохой муурны судалгааг гаргасан бөгөөд энэхүү судалгаандаа үндэслэн “Сумын нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх иргэд, аж ахуйн нэгжийн дагаж мөрдөх журам”-ыг боловсруулсан. Цаашид нохой муур тэжээх эзэмшигч иргэд ААН-үүдээс татвар хурааж  \татварын тухай хуулын 7-р зүйлийн  4.15-дахь заалт\ цугларсан татварын мөнгийг “Нохой муурны үржлийг зогсоох, устгах” нохой, муурнаас хүнд халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцин тарилгын үйлчилгээний хөлс зэрэгт зарцуулж байхаар төлөвлөсөн байна. Төлөөлөгчид энэ асуудлыг хэлэлцээд олонхын саналаар аймаг, сумын нутаг дэвсгэрт нохой тэжээх иргэд, аж ахуйн нэгжийн тэжээвэр нохойноос авах татварын хэмжээг жилд 5000 төгрөг байхаар тогтоож баталлаа.

5. Баян-Өндөр сумын багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Ш.Ганболд танилцуулж хэлэлцүүллээ. 2013 онд шинээр байгуулагдсан Даваат, Яргуйт, Уртын гол багуудын хаягжилт, иргэдийн бүртгэлтэй холбоотойгоор багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоох шаардлага гарсан. Энэ дагуу асуудлыг хэлэлцэж багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоож тогтоол гаргалаа.