Өнөөдөр Эрдэнэт хотын өдөр. XX зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотын өдрийг Эрдэнэтчүүд, Орхончууд бид тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрдэнэт хотын түүхтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түүхэн товчоо /1974-1983/” номын нээлт болон “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн концерт Уурхайчин соёлын ордонд боллоо.
Энэхүү баярын хурал, хүндэтгэлийн концертод Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал болон Орхон аймаг, Эрдэнэт хотын үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Орхон аймагтай найрамдалт харилцаатай ОХУ-ын улсын Буриад, БНХАУ-ын Манжуур хотын дарга удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс аймаг, орон нутгийн шагналаар шагнагдлаа.
“Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түүхэн товчоо /1974-1983/” номыг Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дамбийн Цагаач эмхэтгэн, Доктор Шаарийбуугийн Ганбат хянан тохиолдуулсан байна.