Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит төрийн байгууллагуудын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх волейболын тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр аймгийн Биеийн тамир, спортын газрын А зааланд боллоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэмцээнд оролцогч, баг тамирчдад спортын амжилт хүсэж, арга хэмжээг нээж үг хэлсэн юм.
Тэмцээний нээлтэнд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхдалай, Б.Оюунбаяр болон аймгийн БТСГ-ын дарга Н.Зулбаатар, Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа нар хүрэлцэн ирж оролцлоо.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий уг тэмцээнд төрийн 39 байгууллагын 250 орчим албан хаагчид оролцож байна.