ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2014-09-10

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна.  Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.

Улс төрийн тухай хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан манай аймагт хүндэтгэлийн ажиллагаанууд зохион байгуулагдаж байна. Одоогийн байдлаар манай аймагт өөрөө хэлмэгдсэн 1, хэлмэгдэгсдийн үр хүүхэд 30 орчим, ач зээ нийлсэн 200  гаруй хүн бий гэсэн тоо баримт байдаг. Тэдгээрийн төлөөлөл болсон хүмүүсийг аймгийн удирдлагууд өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Цэгмэд, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл оролцлоо.


Уулзалтын дараа буюу өглөөний 10 цагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол улсын ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Андандын Амар нь 1928 оны 2 сарын 21-нээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол улсын ерөнхий сайд 1934 оны 6 сарын 2-ноос 1936 оны 3 сарын 22 хүртэл улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-ноос1939 оны 3 сарын 7-ны хооронд дахин ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 онд баривчлагдаж, 1941 онд Москва хотод цаазаар авахуулжээ. 1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд Монгол улс хилс хэргээс цагаатгажээ.




Монгол улсын ерөнхий сайд асан амарын хөшөөнд цэцэг өргөсний дараа хэлмэгдэгсдэд зориулсан хүндэтгэлийн цуглаан А.Амарын талбайд боллоо. Мөн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Хутагт ламын гандан шаддүвлин  хийдэд буяны ном хурууллаа.