ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2018-08-31

    Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа “Эрдмийн баяр”-ын өдөр, 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.

    Орон нутгийн бие даасан байдал, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал боловсролын салбараа байнга бодлогынхоо цөмд байлгаж, дэмжин ажилладаг билээ. Энэ хичээлийн жилд 39 цэцэрлэгт 8875 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, нэгдүгээр ангид 2100 хүүхэд элсэн орж, ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 20850 сурагч суралцана. 

   Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд оюутан залуус маань суралцан мэдлэг мэргэжилдээ улам ихийг сурч, эрдэмтэн судлаачдын маань бүтээл туурвил, эрдэм судлалын ажил нь амжилттай байна гэдэгт итгэл төгс байна. 

   Боловсролын салбарын оюунлаг бүтээлч, эвсэг хамт олон, Орхон аймгийнхаа хөгжлийн манлайлагчид байгаад тань талархаж, хүүхэд багачууд, оюутан залуус маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш, эрдэмтэн судлаачид маань амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.  

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА