Өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо. Цэцэрлэгийн шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт болон тус багаас сонгогдсон аймаг сумын төлөөлөгчид, Яргуйт багийн иргэд оролцлоо.
Тус цэцэрлэгийн төсвийг УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга О.Содбилэг улсын төсөвт тусгуулсан бөгөөд БСШУЯ-наас тендерийн эрх орон нутагт шилжигдэн ирсэн бөгөөд манай аймгийн “Ээлт өлгий” ХХК тендерт ялж улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1 тэрбум 700 орчим сая төгрөгөөр барьж 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.