ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэндчилгээ

2018-06-27

    Монголын ард түмний хүндлэн нэрлэсэн XX зууны манлай бүтээн байгуулалтын эзэд, Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилсаг хамт олон, үе үеийн ажилтан, ажилчид, уурхайчиддаа 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 
    Монгол улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг Монголын нийт ард түмэн, Орхон аймгийн иргэд сайн мэдэж бахархдаг бөгөөд,  уурхайчид маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд эрүүл мэндээрээ дэнчин тавин ажиллаж, улс орныхоо эдийн засгийн гуравны нэг ачааг 40 жилийн турш дангаараа үүрч ирсэн билээ. 
   Эрдэнэт үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр олон жил улсдаа үр бүтээлтэй ажиллаж чаддагийг харуулж, Монголчууд дэлхийн хэмжээний үйлдвэрийг чадварлаг удирдаж, ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлж үйлдвэрээ хөгжүүлж буйг амьдрал дээр баталсан юм. “Интернационал бригад”, “Найрамдал дружба” баг, халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн зэрэг хөдөлмөр зохион байгуулалтын шинэ арга хэлбэр, хамтын хөдөлмөрийн давуу талыг үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад оновчтой хэрэгжүүлсэн түүхэн туршлагатай.   
   Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүх нь уурхайчид тэдгээрийн ар гэрийнхний итгэл, эх оронч сэтгэл, амжилт бүтээлийн үр дүн, цаашлаад Эрдэнэт хот, Орхон аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаад дотоодын түншлэгчдийн үр ашигтай хамтарч ажиллаж ирсэний түүх юм. 
   Эрдэнэт үйлдвэрт одоо ажиллаж байгаа болон үе үед ажиллаж, хөдөлмөрлөж байсан Та бүхэндээ, та бүхний гэр бүлд Орхон аймгийн нийт иргэдийн өмнөөс түүхт 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. 
 
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА