Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XI хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.
Хуралдаанаар:
1.Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай
2. Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. Төсөл хөтөлбөр, арга хэмжээний нэр өөрчлөх тухай
4. Малчин баг байгуулах тухай
5. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай болон Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлуудыг аймгийн Аудитын газрын дарга Ц.Нармандах, АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар хурлын хуралдаанд танилцуулсан. 2017 онд аймгийн төсвийн орлого /103,6 хувь/ давж биелэсэн, Шилэн дансны хөтлөлт 96,9 хувийн эерэг үзүүлэлтүүд байгаа ч Францын хөнгөлөлттэй зээл, цэвэрлэх байгууламж, усны төлбөр болоод төсвийн орлогыг 500 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгаа зэрэг хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулах аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж санал хэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Малчин баг байгуулах асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хурлын хуралдаанд танилцуулсан. Малчин иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, өвөлжөө хаваржаа, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ баг нь өөрийн нутаг дэвсгэртэй байх хуультай ба өөрийн нутаг дэвсгэрийг зааж оруулж ирж байгаа нь саашаалтай байна. Цаашид суурьшлын бүсийг бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн бусад багийн мал бүхий иргэдээ суурьшлын бүсийг бий болохоор авах хэрэгтэй хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс санал хэлж дээрхи асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг ба аймгийн ИТХ дахь Ардчилсан нам нь бүлэггүй болсонтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжавыг чөлөөлж, Төлөөлөгч Б.Мөнхдалайг нийт Төлөөлөгчдийн саналаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгон баталлаа.