ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан боллоо

2018-05-15

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Малчин баг байгуулах талаар, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 2018-2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлах тухай, Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, бусад гэсэн гэсэн 5 асуудал хэлэлцлээ.  

   Аймгийн хэмжээнд Баян-Өндөр, Жаргалант сумдад өнөөдрийн байдлаар засаг захиргааны анхан шатны нэгж нийт 24 баг үйл ажиллагаа явуулж байна. 1998 онд аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааны 02 дугаар тогтоолоор анх Малчин баг Баян-Өндөр суманд байгуулагдсан ба 2014 оны 9 дүгээр сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдаанаас шийдвэр гарч Баян-Өндөр сумын Малчин багийг 405 өрх, 1028 хүн ам, 93144 толгой мал, багийн Ажлын албаны бүтэц бүрэлдэхүүн, төсвийн хамт Жаргалант суманд шилжүүлсэн. Аймгийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Малчин багийг татан буулгасан байна.  

  Малчин баг байгуулах талаар 2017 оны 8 дугаар сард авсан санал асуулгад Баян-Өндөр сумын малчин 249 өрх хамрагдсан бөгөөд судалгаанд оролцсон өрхийн 88% нь Малчин баг дахин байгуулахыг дэмжсэн ба Баян-Өндөр сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 2017 оны ээлжит VI хуралдааны 03 дугаар тогтоолоор Баян-Өндөр суманд Малчин баг байгуулах саналыг хэлэлцэн дэмжжээ. Малчин баг байгуулснаар төрийн үйлчилгээ малчин иргэдэд ойртож, чанар хүртээмж нь нэмэгдэнэ хэмээн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд мэдээллэсэн. 

 Малчин баг байгуулах болон Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд 2018 оны 06 дугаар сард хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

  Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42  тогтоолын дагуу “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Уг бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Дээрхи төлөвлөгөө нь 37 багц ажилтай ба Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 7, Аж үйлдвэр, эдийн засгийн салбарт 6, нийгмийн салбарт 15, төр захиргааны болон хууль эрх зүйн салбарт 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт 6 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалыг бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган, иргэдийнхээ амьдралыг сайжруулах зорилготой аж.