Өнөөдөр дэлхийн II дайн дуусч, тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын ялалтаар өндөрлөсөн түүхэн өдөр. Энэхүү өдрийг “Аугаа их ялалтын баяр”-ын өдөр хэмээн Оросын Холбооны Улс тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дэлхийн хоёрдугаар дайны эхнээс дуусах хүртэл нь манай улс ЗХУ-ыг тууштай дэмжиж, Зөвлөлтийн улаан армид туслаж байсан түүхтэй.
Орхон аймагт оршин сууж буй ОХУ-ын иргэдийн хамт ялалтын баярын 73 жилийн ойн ажлын хүрээнд “Эх орны дайны баганат хөшөө”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөө болон “Найрамдал” өндөрлөгт цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байсан хэмээдэг. 5 дугаар сарын 9-ний энэхүү өдөр бол дайныг ялсан олон улс үндэстний мартах аргагүй өдөр. Бас амь үрэгдсэн олон сая дайчид, жирийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм.