ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАНЖУУР ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛНО

2014-08-20

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын их хурлын байнгын хорооны орлогч дарга Жао Чиншань тэргүүтэй зочид төлөөлөгчид 2014 оны 7-р сарын 22-нд Орхон аймагт айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Манжуур хотын Ардын их хурлын байнгын хорооны орлогч дарга Жао Чиншань, Манжуур хотын Эдийн засаг болон Мэдээллийн хорооны эрхлэгч Тэн Вэйфэн, БНХАУ-ын Олон улсын худалдааны холбооны Манжуурын холбооны орлогч дарга Үүрцайх, Гадаад харилцааны газрын тасгийн дарга Сайнаа, Гадаад хэргийг эрхлэх комиссын орлогчдарга Оюун зэрэг албаны хүмүүс айлчиллаа.

Манжуур хотын зочид Эрдэнэт хотод ирээд Эрдэнэт үйлдвэр, Эрдмин компани, Эрдэнэт Хивс компаниар зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Дараа нь Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн зочдыг ажлын өрөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд Манжуур хотын Ардын их хурлын байнгын хорооны орлогч дарга тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд уулзалт зохион байгуулсан. Уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Орхон-Булган аймгийн ХАҮТ-ын дарга М.Сарандаваа зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Энэ удаагийн айлчлал Эрдэнэт-Манжуур 2 хотын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал алхам болж байгааг уулзалтанд оролцогчид онцоллоо . Уулзалтаар 2 хотын хамтын ажиллагааг эхлүүлж цаашид эрчимжүүлэх санамж бичиг үйлдэх, ирэх 8-р сард Манжуур хотод зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн худалдаанд Орхон аймгийн хувийн хэвшлийнхнийг оролцуулах зэрэг ач холбогдол бүхий асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Манжуур хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн баруун хойт хэсэгт оршдог хот юм.  Нийт 696.3 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 300 мянга гаруй хүн амтай. ОХУ-тай хиллэдэг тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай газрын хилийн боомт юм.