Энэ сарын 11-нд тохиох “Эрдэнэт хотын өдөр”-ийг угтаж аймгийн ЗДТГ, ДЗОУБ, Орхон-Булган аймаг дахь ХАҮТ хамтран “Загварын үзүүлбэр” шоуг амжилттай зохион байгууллаа. Үүнд нийт 16 аж ахуйн нэгж, 120 гаруй хувцсаар өрсөлдлөө. Түүнчлэн өдөр тутмын хувцас, хэрэглэлийн болон, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж 17 ААН, иргэн оролцсон юм.
Хоёр дахь жилдээ явагдаж буй “Загварын үзүүлбэр”-т оролцогчдоос хэд хэдэн төрөл шилдгүүдийг шалгарууллаа. Тухайлбал, Өдөр тутмын шилдэг хувцсаар “Уран элбэг” компанийн Загвар зохион бүтээгч Э.Урангоо, Сүлжмэлийн төрөлд “Өлзий урлахуй” компанийн загвар зохион бүтээгч Р.Ариутяа, Үндэсний шилдэг хувцас төрөлд “Уран элбэг” компанийн Загвар зохион бүтээгч Б.Нүрзэдмаа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч П.Ганчулуун нарын урласан хувцас шалгарчээ. Тэгвэл Гоёлын шилдэг хувцас төрөлд “Уран хатан мандах” компанийн загвар зохион бүтээгч А.Ганзам, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч П.Ганчулуун нарын бүтээл тодорсон байна. Мөн Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Загвар зохион бүтээгч О.Энхсайханы өвлийн куртик шалгарлаа. Иймд уг бүтээгдэхүүний сурталчилгааны зардлыг аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэхээр болсон байна.