Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага болох аймгийн ИТХ-ын ажил
хэвийн явагдаж байна. Хурлын зүгээс аймаг, орон нутагт шаардлагатай
ажлуудыг хэлэлцэн баталж, иргэдэд хэрэгтэй, Эрдэнэтэд хэрэгтэй олон
санал санаачилга гаргасаар байгааг бид мэднэ. Сар бүрийг тодорхой ажилд
чиглүүлэн аян зарлаж, үүнийхээ хүрээнд чамгүй ажил амжуулаад байна.
Түүнчлэн Эрдэнэтэд төдийгүй орон нутагт урд өмнө нь хэрэгжиж байгаагүй
хоёр томоохон салбарыг хөгжлүүлэх, тэдэнд хэрэгтэй хөтөлбөр баталлаа.
Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулдаг аймгийн Иргэний зөвлөл, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил ч багагүй ахицтай
үргэлжилж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. Дээрх мэдээллүүдийг багцлан
аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай цөөн хором ярилцлаа.
- Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхлье. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэлээд ажил хийгдэж байгаа?
-
Энэ хөтөлбөр өмнө нь бүтээмж инновацийн чиглэл рүү нэг талыг барьж
ажиллаж ирсэн юм билээ. Гэсэн ч тодорхой хийгдсэн ажил байдаггүй. Эдийн
засгийн байдал хүнд байгаа энэ үед Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийг
өмнөх жилүүдээс бага мөнгөөр гэхдээ арай өөр чиглэл рүү төвлөрүүлж
ажиллахаар зорьж байна. Эрдэнэтийн ирээдүй бол хүүхдүүд. Тиймээс
хүүхдүүдийн хөгжил рүү нэлээд чиглүүлэхээр шийдвэрлэсэн.
Мэдлэгт
суурилсан Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд миний бие санаачилж, хурлын ивээл
дор хэд хэдэн ажил эхлүүллээ. Үүний нэг нь Орхон аймгийн хүүхдүүдийн
найрал дууны чуулгатай болох. Аймгийн ИТХ-ын ивээл дор ажиллах хүүхдийн
найрал дууны чуулга байгуулагдаж тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Хүүхдийн найрал дууны чуулга Эрдэнэт хотын нүүр царай болж, улам
өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа. Түрүүчийн хүүхдүүд сургуулиа төгсөөд
явж байхад дараагийн хүүхдүүд энэ чуулгад орж ирж байх жишээтэй.
Мөн
Орхон аймгийн Ерөнхий зураач Батбилэгийн санаачилгаар Монголын түүхэнд
анх удаа дүрслэх урлагийн гайхамшиг, хосгүй үнэт зүйлээр бүртгэгдсэн
Монголын гурван зургийг Эрдэнэтчүүддээ үнэ төлбөргүй үзүүлсэн. Ажлын
дараа, Өвгөн хуурч, Азарганы ноцолдоон гэх эдгээр гурван зураг нь
Монголын дүрслэх урлагийн томоохон гайхамшигт бүтээл юм.
Дараагийн
ажил бол уламжлал болон зохион байгуулагддаг математикийн олимпиад.
Энэхүү олимпиадыг цаашид хоёр шатлалтай болгон зохион байгуулахаар
төлөвлөж байгаа. Энэ жилийн хувьд масс олимпиад болгон зохион байгуулах
гэж байгаа.
- Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн зарим ажлыг аймгийн ИТХ-ын сарын аянтай нэлээд уялдуулсан байх?
-
Тиймээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ардын өв уламжлал, түүх
соёлоо сэргээх, дууныы тэмцээн зэргийг зохион байгуулсан. Мөн
цэцэрлэгүүдийн дунд ногоон гэрэл, цагаан шугам арга хэмжээг зохион
байгуулж байна. Сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож байхдаа хүүхдүүд
осол аваарт өртөх нь элбэг тохиолдох боллоо. Тэгэхээр хамгийн сайн юмыг
тогтоодог насанд нь замын хөдөлгөөний мэдлэг олгох нь чухал санагддаг.
- Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд хийгддэг бүтээмж, инновацийн чиглэлээр юу хийх вэ?
-
Бүтээмж, инновацийн чиглэлээр хийгдэх ажлуудын сургалт явагдаж байна.
Энэ чиглэлийн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хийнэ. Цаашид олон улсын
байгууллагуудтай эко ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллаж,
байгаль орчноо хамгаалах, төрийн бус байгууллагуудтай хамтран иргэддээ
энэ чиглэлийн мэдлэг олгох чиглэлээр олон зүйл хийх нь чухал. Түүнчлэн
аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрдэнэт үйлдвэр технологийн парк”
байгуулагдсан. Эрдэмтдийн багаас бүрдсэн энэ байгууллага цэвэр бүтээмж
инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах учир уялдаа холбоотой
ажиллана.
- Хурлын зүгээс сарын аянууд зарлаж, тодорхой ажлууд хийж, үр дүнгээ өгч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-
Сар бүр тухайн сарынх нь онцлогт тохируулан аян зарлаж,
Эрдэнэтчүүдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлд жаахан ч гэсэн дэм болох
зорилготой. Нэгдүгээр сарыг бид соёлын үйлчилгээний сар болгон зарласан.
Энэ ажил үйлчилгээний томоохон байгууллагууд, нийтийн тээвэр, баг, сум
зэрэг төрийн анхан шатны байгууллагуудын үйлчилгээнд өөрчлөлт орсон гэж
үзэж байгаа.
Хоёрдугаар
сарыг “Уламжлал түүх соёл, Орхон аймгаараа бахархах” сар болгон
зарласан. Энэ ажлын хүрээнд 2 дугаар сарын 17-нд аймгийн ИТХ хуралдахдаа
төлөөлөгчид Монгол дээлтэйгээ хуралдаа ирсэн. Түүнчлэн төрийн
байгууллагуудын ажиллагсад Монгол дээлээрээ бахархаж, дэмжиж оролцсон.
Ер нь сарын аяны хүрээнд ямар нэг ажил зарлаад өнгөрөх биш дараа нь
хэвшил болгон үлдээхийг зорьдог. Үүнд ч хяналт тавин ажиллаж байна. 4-р
сарыг “Ногоон хөгжил”-ийн сар болгон зарласан бол 5 дугаар сарыг
“Төсвийн хяналтын сар” болгон зарлалаа. Учир нь цаш наашилж, хөрөнгө
оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас хяналттай байх
зорилго тавин ажиллаж байна. Дашрамд хэлэхэд аймгийн ИТХ-аас зохион
байгуулж буй сар бүрийн аяныг дэмжиж, идэвхтэй оролцож байна. Хамтран
ажиллаж байгаа иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал
илэрхийлье.
-
Энэ онд аймгийн ИТХ 2 удаа хуралдсан. Энэ хуралдаануудаар шийдвэрлэсэн
томоохон асуудал юу байв? Өнөөдөр Эрдэнэт хотод тулгамдаж буй ямар ажил
байна вэ?
-
Он гараад хоёр удаа хуралдсан. Эхний буюу аймгийн ИТХ-ын ээлжит 5
дугаар хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцсэн. Эдийн засгийн байдал
амаргүй байна. 2012 оны сүүл гэхэд Орхон аймаг орон нутгийн сангийн
хөрөнгө оруулалтаар 15 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил
хийж байсан. Харин өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40-70 тэрбум төгрөгийн
орон нутгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан. Энэ нь урт нэртэй
хуулийн хүрээнд ажлууд хийгдэж байсан. Гэтэл энэ онд эргээд төсөв
санхүүгийн хүндрэлээс болоод 15 орчим тэрбум төгрөгөөр ажил хийх болж
байна. Энэ мөнгөнөөс бид өнгөрсөн жилийн 4,9 тэрбум төгрөгийн өр
барагдуулах ажлыг хийж байна. Энэ дүнгээс харахад өнгөрсөн 4 жилд 40-70
тэрбум төгрөгөөр хийж байсан ажлыг бид 15 орчим тэрбум төгрөгөөр хийх
шаардлага тулгарч байна. Тиймээс бид Засаг даргын мөрийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэх, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалт
бүтээлийн байгуулалтын ажлыг тодорхой эрэмбэтэйгээр хийх болно.
Саяхан
аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар эрүүл
мэнд, боловсрол гэсэн хоёр том салбарынхаа дэд хөтөлбөрийг баталсан.
Саяхан манай эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтныхаа зөвлөгөөнд
оролцоод ирлээ. Улсын эрүүл мэндийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд
аймагтаа дэд хөтөлбөр баталсан хамгийн анхны аймаг нь манай аймаг юм
билээ. Үүнд их баяртай байгаа. Уг дэд хөтөлбөрүүдийн хүрээнд “Эмч”,
“Багш” дэд хөтөлбөрүүдийг баталсан. Энэ мэтчилэн Засаг даргын үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд 19 дэд хөтөлбөр батлагдахаар байна. Эдгээрийг
ач холбогдолоор нь ангилж заримыг нь хурлын хуралдаанаар, заримыг нь
тэргүүлэгчдээр батлуулах хөтөлбөрүүд байна.
Наадмын
маргааш намар гэдэг. Бид аймгийнхаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
ажлын төлөвлөгөөг авч хэлэлцэх гэж байна. Хийх ажил маш их байна.
Харамсалтай нь төсвийн хүндрэл их байна. Гэхдээ хэмнэлт, болзошгүй
аваарын зардлуудаас зарим ажлуудыг зохицуулаад явах байх.
-
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх боллоо. Энэ үед
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээний төсөл
гарч байна. Аймгийн ИТХ-ын зүгээс тус гэрээнд ямар санал оруулж байгаа
вэ?
-
Эрдэнэт үйлдвэрт Орхон аймгийн иргэд ажиллаж, баялаг бүтээдэг. Орхон
аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг учир хамтран ажилладаг
уламжлалтай. Энэ жилийн хувь үйлдвэрийн өмчлөлийн асуудлаас болоод
хугацаа нэлээд хойшиллоо. Засаг даргын зөвлөлийн хурлаар гэрээний төслөө
хэлэлцсэн байна билээ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хүрээнд
тодорхой саналуудыг ярилцаж, зөвшилцөнө. Гол асуудал нь усны үнийн
зөрүүний алдагдал гэж нэг зүйл бий. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх
хэрэгтэй. Өнгөрсөн жил 2 тэрбум төгрөгөөр хаасан ч дахиад 1,4 тэрбум
төгрөг нэмж гарсан асуудал байгаа. Мөн нийгмийн асуудлуудаар хийх ажил
байгаа.
- Иргэний зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсан. Энэ талаар?
-
Цагдаагийн байгууллагын хуульд заасны дагуу гишүүд нь томилогдоод 3
хүртэл жилээр үйл ажиллагаа явуулдаг. Хуучин гишүүдийн бүрэн эрх дууссан
учир сонгон шалгаруулалт хийж тэргүүлэгчдээ баталсан. Иргэний зөвлөлийн
хувьд аймгуудад ажиллах нь харилцан адилгүй. Манай аймгийн хувьд дунд
зэрэг ажиллаж байсан. Энэ зөвлөл хоёр үндсэн үүрэгтэй. Нэгдүгээрт,
иргэд, цагдаагийн байгууллага хооронд гүүр болж, тэдний харилцааг
зохицуулах, иргэдэд туслалцаа үзүүлэх. Хоёрдугаарт, цагдаагийн
байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд нь
хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхэд бид
хамтран ажиллана.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил хэрхэн явагдаж байна?
-
Нийтийг хамарсан сургалтуудыг хийлээ. Хуулийн байгууллагуудтай уулзалт
хийж, аймгийн Прокурорын газартай хамтран Жаргалант суманд нээлттэй
хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт
эдийн засгийн байдалтай холбоотойгоор хулгай дээрмийн хэрэг өсөлттэй
байх хандлагатай байна. Аймгийн Шүүхийн байгууллага дээр ИТХ-ынхан бүрэн
бүрэлдэхүүнээрээ очиж танилцаж ажиллалаа. Бусад ажил төлөвлөгөөний
дагуу хийгдээд явна.
Цагдаагийн газрын даргын санаачилгаар камержуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэх ажил хийгдэх байх.
"Нар туссан цаг" сонин