ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЛЬ Ч ҮЕИЙН ХУРАЛ НЬ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БАРЬЖ УДИРДАЖ ИРСЭН ЮМ

2017-11-29

   Аль ч үеийн Хурлын байгууллага, аймаг, орон нутгийн хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан амьдралыг цогцлуулан бий болгох нөр их үйлсийг аймаг, орон нутгийнхаа хэмжээнд хөгжлийн бодлогоор ханган удирдан чиглүүлж, зохион байгуулж ирсэн юм.
   Энэхүү их бүтээн байгуулалтыг удирдан манлайлж ирсэн үе үеийн Хурлын байгууллагын түүхэн хөгжлийн талаар оршил болгон товч дурдюу.
Эрдэнэтийн их бүтээн байгуулалт нүргэлж эхэлсэн тэртээ 1974 оны 10 дугаар сарын 6-нд явагдсан Булган аймгийн Эрдэнэт хорооны АДХ-ын нэгдэх удаагийн сонгуулиар Эрдэнэт хэмээх энэ их айлын орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй. Тэр үеийн төрийн эрх барих болон гүйцэтгэн захирамжлах байгууллагын системийн бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн АДХ, түүний гүйцэтгэн захирамжлах байгууллага-АДХ-ын гүйцэтгэх захиргаа байлаа.

  /Зураг: Эрдэнэт хотын АДХ-ын депутатууд 1976 он/
   Тэр үед орон нутгийн хурал нь нутаг дэвсгэртээ аж ахуй, нийгэм, соёл, төрийн байгуулалтыг удирдаж, нийт үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж, газар эдэлбэр, байгаль хамгаалах, орон нутгийн баялгийг болон хөдөлмөрийн нөөцийг ашиглах, хүн амын нийгэм соёл, ахуйн хийгээд бусад үйлчилгээг зохион байгуулах талаар нутаг дэвсгэртээ байгаа бүх үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, удирдан чиглүүлж байх эрх хэмжээтэй байсан бөгөөд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын чуулганы чөлөөт цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага байсан юм.
  БНМАУ-ын АИХ-аас 1989 онд баталсан “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар орон нутгийн АДХ нь тухайн Хурлын зохион байгуулалт, олон түмний ажлыг эрхлэн байнга ажиллах байгууллага болох Ардын Хурлын Тэргүүлэгчидтэй болсон. Ийнхүү БНМАУ-ын Үндсэн хуулиар орон нутгийн төрийн эрх барих байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэн хуульчилсаны дагуу хотын АДХ-ын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн чуулганаар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийг сонгожээ.
  1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон Аймгийн Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар  сарыг  хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар АХ-ын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.
  АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар зарлигаар Эрдэнэт хот маань 1976 оны 01 дүгээр сарын 01-нээс аймагтай адилтгах статустай улсын харъяалалтай хот болсон юм.
   Гэвч 1992 онд баталсан Монгол Улсын Шинэ Үндсэн хуулиар хот нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байх боломжгүй болсон юм. Хотын Ардын Хурал, Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа иргэд хөдөлмөрчдийнхөө санал хүсэлтийг удирдлага болгон хотынхоо бие даасан засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн статусыг хэвээр хадгалахын төлөө тууштай зогсож, 1993 онд 2 удаагийнхаа чуулганаар дараалан энэхүү статусын тухай асуудлыг хэлэлцэж “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд оруулах саналыг батлан, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж, энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж олон удаа УИХ, Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзаж асуудал санал тавьж хөөцөлдсөний эцэст УИХ-ын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хот Орхон аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн хууль, Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд орон нутгийн сонгууль явагдаж Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо бий болсон боловч манай Эрдэнэт хот 1994 оны 8 дугаар сар хүртэл хуучин статусаараа байсаар байсан юм.
   Монгол улс 1992 онд баталсан Шинэ үндсэн хуулиараа Орон нутгийн төвлөн удирдах зарчмыг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг сонгон авсан бөгөөд орон нутгийн удирдлага нь НӨУЁ-ыг Төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэсэн үндсэн хуулийн заалт манай хотод хэрэгжиж эхлээд 20 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Эрдэнэт хот Орхон аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан учир орон нутгийн сонгууль Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1994 оны 12 дугаар тогтоолоор зарлагдаж явагдсан юм.
   Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг захиргааны анхан шатны нэгж болох 16 багийг байгуулснаар Аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагын бүх шатны бүтэц тогтолцоо бүрэлдэн бий болж багуудын ИНХ-аас сумын ИТХ-ын төлөөлөгчдийг, сумын ИТХ-аас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох шууд бус сонгуулиар Аймгийн ИТХ-ын 42 төлөөлөгч сонгогдсон юм. Шинээр сонгогдсон Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 1994 оны 8 дугаар сарын 28-нд хуралдаж төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгон байгуулж, Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж томилуулснаар аймгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо, удирдлагын бүрэлдэхүүн бий болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.
   Түүнээс хойш Аймгийн ИТХ-ын байгууллагын 5 удаагийн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, 6 дахь бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. 1990-1994 онд хотын Ардын Хурлын чуулган 8 удаа хуралдаж нийт 33 асуудал, Аймгийн ИТХ-ын 1994-1996 оны бүрэн эрхийн хугацаанд Аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан 4 удаа хуралдаж 15 асуудал, 1996-2000 онд Аймгийн ИТХ-ын хуралдаан 15 удаа хуралдаж нийт 58 асуудал, 2004-2008 онд нийт 8 удаа хуралдаж 28 асуудал, 2008-2012 онд Аймгийн ИТХ-ын хуралдаан 21 удаа хуралдаж нийт 95 асуудал тус тус  хэлэлцэж аймаг, орон нутгийн хөгжлийн асуудлаар олон томоохон бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд хэрэгжүүлж байна.
   Хурлын байгууллага орон нутгийн төрийн эрх барих байгууллага байсан үедээ ч хөгжлийнхөө шинэ үе НӨУЁБ болсон өнөө үед ч аймаг, хотынхоо хөгжлийн бодлого барьдаг бодлогын байгууллага байсаар ирсэн.Түүний зэрэгцээгээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн болон бусад цаг үеийн асуудлыг шийдвэрлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж байдаг билээ.
   Эрдэнэт хот 1976 онд улсын төлөвлөгөөт даалгаврыг анх удаа авч Эрдэнэт хотыг 1976 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвөө баталсан бөгөөд энэ 30 гаруй жилийн хугацаанд хот, аймгаа хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох хот, аймгийн төсвөө баталж, 30 гаруй жилийн хөгжлөө төлөвлөгөөжүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л ажлаа чиглүүлж ирсэн юм.
   Өөрөөр хэлбэл Үндсэн чиглэл гэдэг энэхүү жилийн хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, тохижилтын ажил, хүний хөгжил, нийгмийн бодлого, төрийн удирдлага, эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг багтаасан иж бүрэн хөгжлийн цогц бодлого байж хөгжлийн бодлогын уламжлал, шинэчлэл, бодит ажил, тодорхой бүтээн байгуулалт энд зангидагдан тогтвортой тэнцвэртэй хөгжлийн хэмнэлийг хангаж ирсэн юм.
Сонгууль бүрийн анхдугаар хуралдаанаар хот, аймгийнхаа удирдлагын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталж, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлж, боловсон хүчний бодлогыг 1994 он хүртэл явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, орлогч дарга, хэлтэс, газар, харъяа байгууллагын дарга нарыг хотын АДХ-ын чуулганаар баталж байлаа.
   Энэхүү боловсон хүчний бодлого явуулдаг бүрэн эрхийг хотын Ардын Хурал 1994 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд 1994 оны 8 дугаар сараас тус аймагт НӨУЁ-ны байгууллагын бүтэц тогтолцоо бүрэлдэн бий болж, дээрх боловсон хүчний талаар хэрэгжүүлж байсан эрх хэмжээ өөрчлөгдөж Аймгийн Засаг дарга гэдэг бүхэл бүтэн удирдлагын бие даасан “Институт”-ыг нэр дэвшүүлж томилуулдаг болсон.
   Хурлын байгууллагын бүрэн эрх сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжиж, шинээр сонгогдон байгуулагдсан хурлын байгууллагаас сонгогдон, нэр дэвшигдэж томилогдсон хот, аймгийн удирдлагууд бодлогоо гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг боловч түүний үйл ажиллагааны залгамж чанар, уламжлал шинэчлэл ямагт хадгалагдаж байдагт төрийн ажлын нэг онцлог байдаг билээ. Түүний зэрэгцээгээр Хурлын байгууллагын бүрэн эрх бүрийн хугацаанд баримталсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлог, утга агуулга, өнгө төрхийг хадгалж байдаг юм.
   Хотын Ардын Хурал, аймгийн ИТХ-аас орон нутгаа хөгжлийн бодлогоор хангаж, удирдан чиглүүлж, зохицуулан зохион байгуулж ирсэн тэр нөр их ажлыг тоочин хэлж барахгүй учир товч тоймлохыг хичээе. 1990-ээд он бол улс оронд өөрчлөлт шинэчлэлийн үйл явц хүчтэй өрнөж нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үе байлаа.
   Улс орны хэмжээнд улсын өмчийг хувьчлах, өмчийн хувийн хэвшлийг хөгжүүлэх, үнэ тарифыг чөлөөтэй болгох зэрэг зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн тэр үед хоорондоо уялдаа холбоо бүхий дотоод, гадаад олон хүчин зүйлтэй холбоотойгоор эдийн засгийн хямрал гүнзгийрч байсан нь манай хотыг тойрч гараагүй юм.
   Энэ үеийн хотын эдийн засгийн байдлыг тоймлож үзвэл гадаад, дотоод материал түүхий эдээр тасалдах, эрчим хүчний хангамж доголдох, ажлын хариуцлага, сахилга зохион байгуулалт алдагдах зэрэг шалтгаанаар 1992 он гэхэд манай хотын ихэнх үйлдвэрүүд хагас дутуу ажиллаж, зарим нь сул зогсоход хүрч, ЗХУ-ын хүч хөрөнгөөр болон техникийн туслалцаатайгаар баригдаж байсан олон барилгын ажил зогсч, хотын барилгын байгууллагын хүчээр гүйцэтгэж байсан барилга

  /Зураг: Эрдэнэт хотын АХ-ын Депутатууд 1990 он/
байгууламжид шаардагдах гадаад, дотоод материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт саатаж, олдоц муудаж байснаас 1991 онд бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зөвхөн төлөвлөсөн хэмжээнээс буурсан төдийгүй 1990 оны гүйцэтгэлээс буурсан дүр зураг харагдаж байсан юм.
   Улс орон ардчилал зах зээлийн харилцаанд шилжин орж эхэлсэн 1990-ээд оны эхэн үеэс хотын Ардын Хурал, Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас орон нутгаа зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг аль болох сөрөг үр дагавар багатайгаар амжилттай даван туулж, цаашдын хөгжлийг хангахад бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байлаа.
   Зах зээлийн харилцаанд шилжих анхны алхамууд хийгдэж эхэлсэн тэр түүхэн цаг үед хотын Ардын Хурал, Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа аймаг, орон нутгаа зэх зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх хариуцлагатай бөгөөд хүнд зорилтыг амжилттай даван туулахын тулд багагүй чармайлт гаргаж, ихээхэн эрэл хайгуул хийж, хотын тээвэр, холбоо харьцангуй сайн хөгжсөн, төвийн эрчим хүчний системтэй холбогдсон, хүн амын оюуны чадавхи өндөр зэрэг давуу талаа аль болох үр ашигтай ашиглах, шилжилтийн үеийн сараг үр дагаврыг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын бүх салбарт сахилга хариуцлага, дэг журам зохион байгуулалтыг сайжруулах, худалдаа үйлчилгээ барааны хангамжийг зохицуулах, хүн амын эмзэг хэсгийг дэмжих, эдийн засгийн зах зээлийн харилцааны үндсэн механизмуудыг дорвитой хэрэгжүүлэх талаар бодлого зохицуулалтын ихээхэн арга хэмжээ авч ажилласны үр дүнд Эрдэнэт хот, Орхон аймаг шилжилтийн үеийг өндөр зохион байгуулалттайгаар амжилттай даван туулах нөхцлийг бий болгож чадсан юм.
1991 оны 01 дүгээр сарын 7-нд хуралдсан хотын Ардын Хурлын III чуулганаар аймаг, орон нутгаа зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх асуудлаар тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү тогтоолоор зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед Улсын өмчийг хувьчлах ажлыг зохицуулж, сөрөг үр дагавар гаргахгүй байхад хяналт тавих комисс ажиллуулах, газар, байгалийн баялаг ашигласны төлбөр төлдөг журам тогтоох,  зөвлөлтийн барилгын байгууллагуудын барьж байсан дуусаагүй үйлдвэр, нийгэм ахуйн зориулалттай барилга байгууламжуудыг барьж дуусгах, гүйцэтгэгч байгууллага, хөрөнгийн эх үүсвэр, материал техникийн хангамжийн асуудлуудыг холбогдох дээд байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх зэрэг олон асуудлыг багтаасан тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх ажил зохион байгуулж байв.
   Тэр үед байгаль орчны асуудлыг эдийн засгийн бодлоготой нягт уялдаатайгаар авч үзэж энэ талаар төр, захиргааны байгууллагаас баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.Аймгийн төрийн байгууллагаас байгаль орчныг хамгаалах талаар анхны бодлогын баримт бичгийг баталж хэрэгжүүлсэн бөгөөд түүний дараа дараачийн хурлууд бүрэн эрхийнхээ хугацаанд энэ талаарх бодлогоо улам боловсронгуй болгон тухай тухайн үедээ батлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2001 онд Аймгийн ИТХ-ын ээлжит бус Ү хуралдаанаар байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар хэлэлцэж дээрх асуудлыг багтаасан бодлогын томоохон баримт бичиг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
   Эрдэнэт хотын байгаль орчны тэнцэл, хүн амын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ойн сан, ургамал, ан амьтны зүйл аймаг, булаг, шанд, гол горхийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Эрдэнэт хотын “Ногоон бүс”-ийн хилийн заагийг тогтоож, ногоон бүсэд мөрдөх журмыг баталж мөрдүүлсэн билээ.
1990-ээд оны эхнээс буюу шинэ нөхцөл байдалд шилжиж байсан энэ үед эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх асуудалд цогц байдлаар хандаж, түүний тэнцвэртэй хөгжлийг хангах нөхцлийг бодлого, удирдлага зохион байгуулалтын талаар хангахад онцгой анхаарч байсан юм.
   Нийгмийн шинэ харилцаанд шилжин орж байгаатай холбогдуулан түүнд нийцүүлэн удирдлагын зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийх, тэрхүү өөрчлөлт шинэчлэлт нь аль болох төвлөрлийг багасгах, тэдгээрийн бие даасан байдлыг хангах чиглэл барьж байсан бөгөөд Тээврийн удирдах газар, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Материал техник хангамжийн удирдах газар, ахуй үйлчилгээний удирдах газар зэрэг байгууллагуудыг татан буулгаж, барааны,ХАА-н, тээврийн биржүүдийг байгуулах, өмч хувьчлах ажлын бэлтгэлийг хангах, өрсөлдөөн бий болгох, төвлөрсөн нүсэр үйлдвэрлэлийг жижгэрүүлж бие даасан жижиг үйлдвэрүүд байгуулах зорилгоор Улаантолгойн сангийн аж ахуй, 35 дугаар бааз зэрэг 10 гаруй томоохон үйлдвэрийн газруудыг задлан бие даасан аж ахуйн нэгжүүд болгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн.
  1991 оны дунд үеэс өмч хувьчлалын ажил эхэлж, өмч хувьчлалын ажлын үндсэн чиглэлийг гаргаж анхны өртгөөр 4.0 тэр бум орчим төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий 46 аж ахуйн нэгжийг хувьчлахаар шийдвэрлэж, бага хувьчлалаар 100 гаруй худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний цэг, салбар, газрыг хувьд шилжүүлсэн нь 9.6 сая төгрөг болж байсан юм.
   Эрдэнэт хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгох асуудлыг дэвшүүлэн тавьж БНХАУ, ОХУ, дэлхийн бусад улс орны туршлагыг судлах ажлыг ч эхлүүлж байлаа.
   Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагаас зах зээлийн зохицуулалтад шилжих эхлэл тавигдаж байна энэ үед өмч хувьчлах, үнийг чөлөөтэй болгох, аж ахуйн нэгжийн хууль хэрэгжих үйл явц эхэлж, өмчийн аль ч хэлбэрээр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх эдийн засаг, эрх зүйн орчинг орон нутгийн хэмжээнд бий болгож байлаа.
1993 он бол манай улсын эдийн засаг, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн хүнд ч гэсэн эргэлтийн жил байсан бөгөөд төр, засгаас макро эдийн засгийн түвшинд мөнгө зээл, төсөв, татварын болон үнэ ханшийн уялдаатай бодлогыг хэрэгжүүлснээр инфляцийг зогсоох боломжийг бүрдүүлж эхэлсэн юм. Манай хот 1993 онд бий болсон чадавхи, дотоод нөөц бололцоогоо дайчлан ашиглаж бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нийтийн ахуй, хүн амын үйлчилгээг хэвийн байлгах, хүнс, барааны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ахиц өөрчлөлт гаргасан жил байв.
 Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгох талаар 1995-1996 онд баримтлах бодлогыг аймгийн ИТХ-ын 1995 оны ээлжит III хуралдаанаар хэлэлцэн “Үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгох арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол батлан гаргасан бөгөөд Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгох талаар 1995-1996 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталж шинээр байгуулах 13, шинэчлэх 5, төсөл боловсруулж тендер зарлаж шалгаруулах 5 үйлдвэр, аж ахуйн жагсаалтыг баталж зээл олгоход нь дэмжлэг үзүүлж ажилласан нь Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгоход чиглэсэн томоохон бодит ажил байсан юм. Тус хуралдаанаас Аймгийн үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгох, жигд ажиллагааг хангах, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх асуудлаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллах чиглэл гаргаж, биелэлтийг зохион байгуулж ажиллахыг хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгаж, “Өрх, байгууллага бүр үйлдвэрлэгч” болох хөдөлгөөнийг аймаг даяар өрнүүлэх шийдвэр гаргаж байсан нь Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх талаар гарч байсан санал, санаачилгуудыг дэмжсэн чухал алхам байлаа.

/Зураг: Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 1996-2000 он/
    1994-1996 оны хурлын бүрэн эрхийн хугацаанд Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Аймгийн хэмжээнд мөнгө зээлийн талаар баримтлах бодлогыг жил бүр аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн гүйцэтгэл, дараа онд баримтлах үндсэн чиглэл, төсвийн төсөлтэй хамтруулан хэлэлцдэг болсон нь аймаг, орон нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангахад мөнгө зээлийн бодлогыг уялдуулж авч явах нэг нөхцлийг бүрдүүлсэн юм.
   Газрын талаар явуулах бодлого аль ч үеийн Хурлын байгууллагын анхаарлын төвд байсаар ирсэн асуудлын нэг юм. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 1996 оноос эхлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах хамгаалах Аймгийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлдэг болж, 1997 онд хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит бус ҮIIхуралдаанаар газрын бүсчлэл ба төлбөр тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан Эрдэнэт хотын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг 4 бүсчлэл болгон хувааж зааг хязгаарыг нь тогтоож, нэг га газрын жилийн төлбөрийн хэмжээг тогтоон баталж, газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ талаархи үйл ажиллагааг зохицуулах, газрын харилцааны менежментийг өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг бүхий алба байгуулахыг Аймгийн Засаг даргад зөвшөөрснөөр Газрын харилцааны алба байгуулагдсан түүхтэй.
   Төрөөс газрын талаар баримталж буй бодлого чиглэлтэй уялдуулж, Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор Аймгийн эдийн засаг, нийгмийн бодлогыг хөгжүүлэх хэтийн чиглэлийг тодорхойлж, газрыг оновчтой, үр ашигтай эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтөөр дэмжих зорилгоор  2003 оны 9 дүгээр сард Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг баталж, 2005 оны Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 18 дугаар тогтоолоор газар өмчлүүлэх ажлын бэлтгэл хангах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий аймгийн салбар зөвлөлийг Аймгийн Засаг даргаар ахлуулан байгуулж, 2003 оны 04 дүгээр сарын 11-нзд хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит бус ХII хуралдааны 02 дугаар тогтоолоор Аймгийн иргэдэд газар өмчлүүлэх түүхэн шийдвэр гаргасан бөгөөд газар өмчлүүлэх ажил одоо ч үргэлжлэн амжилттай хэрэгжиж байна.
   Аймгийн ИТХ-аас хот байгуулалт хот тохижилтын асуудлыг байнга анхаарч ирсэн юм. Хот байгуулалтын ажлыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаагийн зэрэгцээ жил бүр хот байгуулалтад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ өссөөр байна. Тухайлбал 2003 оныг “Хот тохижилтын жил” болгон зарлаж ихээхэн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, энэ онд дээрх ажилд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
   1998 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Орхон аймгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны орон тооны бус зөвлөх хороог байгуулж, уг зөвлөх хороо нь Орхон аймгийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулж, 1998 оны 12 дугаар сард хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит ҮIII хуралдаанаас уг хөтөлбөрийг дэмжиж баталсан. Орхон аймгийн үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлж, Монгол улсын эдийн засагт эзэлж байгаа байр суурь, хувь хэмжээг бууруулахгүй байлган байгалийн баялгийг үр ашигтай, байгальд хор хөнөөлгүй ашиглах, хүний амьдрах эрхийг баталгаажуулах, таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд Аймгийн хөгжлийн стратегийн эрхэмлэх зорилго оршино гэж Аймгийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт томъёолсон юм. Орхон аймгийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
    2001 оноос Орхон аймаг өөрийн гэсэн хүн ам зүйн бодлоготой болж, 2005 онд аймгийн хүн ам зүйн хөгжлийн бодлого болгон шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээгээр Орхон аймгийн хэмжээнд ахмадуудын талаар баримтлах бодлого, Залуучуудын талаар баримтлах бодлого, Орхон аймгийн хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөө, “Аймгийн хэмжээнд 2003-2007 онд спортын талаар баримтлах бодлого”, 2002-2007 онд Аймгийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх дэд хөтөлбөр, Зайны сургалтын дэд хөтөлбөр, Аймгийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” дэд хөтөлбөр, 2002-2010 онд хэрэгжүүлэх “Хүүхдийн төлөө нийгмийн цогц үйлчилгээний хөтөлбөр” зэрэг аймгийн ИТХ-ын байгууллагаас баталсан олон арван томоохон бодлого хөтөлбөрүүд өнөөдөр үргэлжлэн цаг үеийн шаардлагыг тусган шинэчлэгдэн хэрэгжиж байна.

/Зураг: Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 2000-2004 он/
   2001 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн авто тээврийн салбарыг хэрэгжүүлэх бодлогыг батлан гаргасан нь зах зээлийн харилцааны үед дээрх салбарыг бодлоготойгоор хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн бөгөөд улсын хэмжээнд энэ талаарх анхны бодлогын баримт бичиг байлаа.
   1994 оноос эхлэн аймгийн ИТХ-ын байгууллагын бүрэн эрхийн хугацаанд хийх ажлын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хурлын хуралдаанаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэх ажил зохион байгуулагджээ. Өөрөөр хэлбэл аймаг хөгжлийн дунд хугацааны хөтөлбөртэйгээр ажиллах болсон юм.
   1990-ээд оны дунд үеэс эрүүл мэнд, болосвролын салбарын дунд хугацааны хөтөлбөрүүд батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны 11 дүгээр сард хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Аймгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай байлгах, эм тарилгын хангамжийг сайжруулах талаар зохиож буй ажил, цаашид тавих зорилтын тухай” хэлэлцэж нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар, ХХЭМБ, нийтийн биеийн тамирын талаар гэсэн чиглэлүүдийг багтаасан Орхон аймгийн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар 2002-2004 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
   2001 онд аймгийн анхны “Боловсрол, соёлын салбарт баримтлах бодлого” батлагдан хэрэгжиж эхэлсэн юм.
   Аймгийн ИТХ-ын 2002 оны ээлжит бус VIII хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэх, төсөв санхүүгийн хувьд бие даасан тогтвортой бүтцийг бий болгох зорилгоор “Аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар 2002-2005 онд баримтлах бодлого”-ыг баталж, 2002 оноос аймаг санхүүгийн хувьд бие даан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж эхэлсэн нь Аймгийн хөгжлийн бас нэг шинэ үеийг тавьсан бодлогын томоохон алхам байсан юм.
   Аймгийн ИТХ-аас “2002 оныг төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах жил” болгон зарлаж энэ хугацаанд багагүй зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд 2003 онд энэхүү жилийн ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, Орхон аймгийг “Төрийн үйлчилгээний өндөр соёлтой загвар аймаг болгох” зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлэх ажил төлөвлөгөөтэйгээр зохион байгуулагдаж байна.
   Монголчууд бидний хувьд материаллаг болон Оюуны үнэт зүйлс олон байгаа боловч нэгдсэн судалгаа дүгнэлт хийж, тэдгээрийг нийгмийн хөгжлийг хурдасгагч хүчин зүйл болгож ашиглах явдал улсын хэмжээнд, нэн ялангуяа орон нутгийн төвшинд дутагдалтай байгаа юм. Энэ байдлыг иш үндэс болгож Аймгийн ИТХ-ын 2003 оны оны 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит бус ХIII хуралдаанаар улсын хэмжээнд анх удаа Эрдэнэтчүүдийн эрмэлзэх үнэт зүйлийг “Хүний хөгжил-цэвэр хот” гэж томъёолон баталж түүн рүү нийт иргэд, бүх шатны төрийн болон ТББ, Аж ахуйн нэгж, байгууллагын анхаарлыг төвлөрүүлж, улмаар Эрдэнэт хот, Орхон аймгийнхаа өнгөрсөн хугацаанд бүтээн бий болгосон үнэт зүйлсийг шинэ зууны иргэдийн зорилго, тэмүүлэлтэй хослуулан хөгжүүлэхийг зорьсон юм.
   Орхон аймаг, Эрдэнэтчүүдийн хувьд эрмэлзэх үнэт зүйл юу болох талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 66 байгууллагын ажиллагсдыг хамруулан судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцогсдын 68 хувь нь зууны манлай бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотоо цэвэр цэмцгэр байлгах, хотоо тохижуулах ажилд бүх нийтийн хүчийг дайчлах, эрүүл орчинд аж төрөх нөхцлийг хангах гэж үзсэн бөгөөд уг судалгаанаас Эрдэнэтчүүд бүтээн бий болгосон Эрдэнэт хотоо үнэт зүйл хэмээн үзэж, цаашид ч дүр төрхийг нь цэвэр цэмцгэр байлгахын төлөө, төрөлх хотоо эрчимтэй хөгжүүлэхийн төлөө, бүтээлч хөдөлмөр, чинээлэг амьдралыг газар сайгүй бий болгох тэмүүлэлтэй байгаа нь харагдсан юм.
   2004-2008 он. Зууны манлай бүтээн байгуулалт-Эрдэнэт хотын 30 жилийн ой тохиосон их хөдөлмөрийн он жилүүд. Энэ их бүтээн байгуулалтын 30 жилийн түүхийг нэгтгэн дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг гаргаж, түүхэн ойг угтсан бүтээн байгуулалтын томоохон далайцтай ажлыг зохион байгуулсан.
   Монгол улсын шинэ үндсэн хуулиар Монгол улсын нутгийн удирдлагын тогтолцоог хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн тогтолцооны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цоо шинэ үзэл баримтлалаар хуульчлан тодорхойлсноос хойш нутгийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжүүлж, түүний хөгжил, төлөвшил явагдаж ирлээ.

/Зураг: Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 2004-2008 он/
   2004-2008 онд аймгийн ИТХ-ын байгууллагаас орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн цогц байдлыг хангах, орон, нутгийн хэмжээнд бүх шатны засаг, захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэд олон түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүрэн, системтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн юм.
   2004-2008 онд аймгийн ИТХ нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн хандлагыг тодорхойлсон томоохон бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал Эрдэнэт хотын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Эрдэнэт хотын 2020 он хүртэлх хөгжлийн стратеги, Орхон аймгийн гэр хорооллыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлого, Орхон аймгийн  хэмжээнд хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого зэрэг стратегийн ач холбогдол бүхий шийдвэрүүдийг батлан хэрэгжүүлсэн хурал байлаа.
Өмнөх хурлын бүрэн эрхийн үед дэвшүүлсэн аймгийн хөгжлийн алсын хараа бүхий томоохон зорилтууд тухайлбал Орхон аймгийг “Төрийн үйлчилгээний өндөр соёлтой загвар аймаг болгох”, Эрдэнэтчүүдийн эрмэлзэх үнэт зүйл болох “Хүний хөгжил”Цэвэр хот” зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх чиглэлээр анхаарч тодорхой алхам хийсэн юм.
   Мөн хугацаанд Эрдэнэт хотын хот байгуулалт, тохижилтын асуудалд онцгой анхаарч Эрдэнэт хотын хорооллуудын шинэчлэн тодотгосон ерөнхий төлөвлөгөөг баталж, 2004-2008 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
   Бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг жил бүр хурлын хуралдаанаар хэлэлцэж ажлын чиглэл өгч байсан нь хурлын байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, боловсронгуй болгох, төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ байлаа.
А   ймгийн ажил амьдралын бүхий л асуудлыг багтаасан аймгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болох аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн эрхийн эхнээс батлан биелэлтийг хангуулж, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллалаа. Цаг үеийн шаардлагад нийцүүлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх системийг шинэчлэн боловсруулж мөрдөж ажилласан нь үр дүнтэй ажил болсон юм.  
   2008-2012 он. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тус хурал нь өмнөх ажлын амжилтуудыг бататгаж, үйл ажиллагаагаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа нээлттэй болгох асуудлыг анхаарлын төвд байлгаж, бүрэн эрхийн хугацаанд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн юм.
   Аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогоо 5 чиглэлээр тодорхойлж, энэхүү ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Хурлын таван хороог байгуулж ажиллалаа.

/Зураг: Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 2008-2012 он/
   Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэр бүрийг хэрэгжүүлэх талаар манай хурлын төлөөлөгчидтэй хамтран тодорхой үр дүнд хүрсэн, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрүүдийг бий болгосон он жил байв.
Манай аймагт өнгөрсөн 4 жилийн хугацаанд хүмүүсийн нүдэнд харагдах, гарт баригдах асар их бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.
     Ялангуяа төсөв бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлийг түргэтгэн тогтворжуулах, дэд бүтэц /зам, гэрэлтүүлэг/-ийг хөгжүүлэх ажил урьд урьдаас илүү их үр дүнд хүрсэн юм.
      Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хамруулсан олон бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, шинэчлэх шинээр боловсруулж батлах арга хэмжээ авлаа.
       Жил бүр тухайлбал 2009 оныг “Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”, “2010 оныг “Цэвэр орчин бүрдүүлэх жил”, “2011 оныг “Өрхийн амьжиргааг дэмжих жил” болгон зарлаж жилийн ажлын хүрээнд тодорхой бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн төдийгүй, хотын хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлсэн, иргэдийн урам зоригийг сэргээсэн бодитой ажил болсон юм.
       Аймгийн ИТХ нь  иргэдийн төлөөллийн байгууллагын хувьд хурлын шийдвэрт иргэдийн санаа бодлыг өргөнөөр тусгах, хуралдаанаас гаргах шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад онцгой анхаарч байв.
     Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хурлын хуралдаанаар хэлэлцэхээс өмнө тухайн асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санал бодлыг хуралдаанаас гаргах шийдвэрт тусгах ажлыг хэвшүүлж, хуралдаан бүрийн өмнө хурлын төлөөлөгчид өөр өөрсдийн тойрогтоо ажилладаг болсон нь хуралдааны шийдвэрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.
      Аймгийн ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн чухал ажлын нэг нь “Иргэний танхим” байгуулсан явдал юм.
     2008-2012 оны бүрэн эрх бүхэлдээ иргэд, хүн нэг бүр рүү чиглэсэн аймаг, хотынхоо хөгжилд иргэдийн санал, санаачилгыг нэмэгдүүлсэн, төрөлх хотоороо бахархах сэтгэлийг төрүүлсэн он жилүүд байлаа.
     Зөвхөн аймаг, орон нутгийн хэмжээнд төдийгүй улс, бүс нутгийн хувьд Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэтийн бүтээн байгуулалтын цогцолборыг эрчимтэй үйл ажиллагаагаар тэтгэн хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой юм. Ийнхүү Эрдэнэтчүүд бид “Хүний хөгжил-цэвэр хот” гэсэн эрмэлзэх үнэт зүйлтэйгээр, “Төрийн үйлчилгээний өндөр соёлтой загвар аймаг” болох зорилготойгоор шинэ зуундаа эрч хүчтэй ажиллаж, амьдарч байна.
     Эрдэнэт хот анх байгуулагдахдаа 1655 өрхийн 7.8 мянган хүн амтай, аж үйлдвэрийн суурь үүсэх төдий, нийт ажиллагсдын 7.3 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан бол одоо хүн амын тоо 10.8, өрхийн тоо 12.3, аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 4.5 дахин өсч, 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад 33.5 мянган хүн, үүний 40 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Эрдэнэт хот нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлсэн Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв болон өргөжин хөгжиж ирлээ.
      Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот нь Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв хот болж, Эрдэнэт хотын маань бүс нутгийн хөгжилд эзлэх байр суурь улам бэхжиж байна.
     Аймгийн ИТХ, Засаг даргаас Эрдэнэт хотын цаашдын хөгжлийн чиг хандлагыг алс хэтийн зорилготойгоор харж, Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулан 2005 онд Засгийн газрын хуралдаанд оруулан батлуулж, дэлхийн банк, хотуудын холбоотой хамтран Эрдэнэт хотын хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулж Аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж байна.
     Аймгийн хэмжээнд 2012 онд аж үйлдвэрийн салбарт 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 2005 оны зэрэгцүүлэх үнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.5 хувиар өссөн байна.
    Тус аймаг, улсын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг үйлдвэрлэж, борлуулдагийн зэрэгцээ гадаад худалдааны нийт эргэлтийн 20.0 орчим хувийг эзэлж, скспортын бүтээгдэхүүний 30 гаруй хувийг гаргаж байгаа бөгөөд 2012 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 1.5 их наяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар болсон байна.
    Хот байгуулалтын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаагийн зэрэгцээ 2000 оноос хойш хотын бий болсон бааз суурийг тордох, шинэчлэх, их засвар хийж хэвийн байдлыг хангахад онцгой анхаарч, ялангуяа хотын инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийг ээлж дараатай хийх арга хэмжээ авч орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж байна.
    Эрдэнэт хотод иж бүрэн тохижилттой 6 орон сууцны хорооллыг барьж байгуулсан бөгөөд цаашид орон сууцны 7, 7а, 10, 11 дүгээр хорооллуудыг барих зураг төсөл хийгдэж, хотын барилгажилт эрчимтэй явагдаж тухайлбал их барилгын салбарт 50 шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 2012 онд 24.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн байна.
   Эрдэнэт хот Орхон аймгийн бүтээн байгуулалтын амжилт ололт нь түүнийг удирдаж явсан хотын анхны дарга С.Цэвээн, хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Банзрагч, түүний дараа дараачийн дарга нар болох Д.Тогооч, Б.Мянганбаяр, Г.Дүгэрээ, Ч.Доржпалам, Х.Лувсаншарав, Т.Ганболд, Д.Чагнаадорж, Ш.Ганбат, К.Даулетбай, Д.Оюунбат, Г.Шархүү , Д. Дэлгэрбаяр  нарын удирдах арга барил, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
    Сонгууль бүрийн бүрэн эрхийн хугацаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон орон нутгийн хөгжлийн түүх болон мөнхрөх учиртай.
  Шинээр сонгогдсон хурал бүхэн өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ орон нутгийнхаа хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бий болгон үлдээж байдаг юм.
            Эрдэнэт хот байгуулагдаад 41 жил болж байна.
    41 жил гэдэг бол түүхэн талаас нь авч үзвэл ахар богинохон хугацаа хэдий ч хийж бүтээсэн талаас нь авч үзвэл Их бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.
   Ийнхүү өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад Эрдэнэт хот, Орхон аймгийн хөдөлмөрч бүтээлч хамт олон, нам, төр, орон нутгийнхаа төр, захиргааны байгууллагын удирдлагаар нөр их зүйлийг хийж бүтээсэн нь Зууны манлай бүтээн байгуулалт болон түүхэнд мөнхөрч, улс эх орон, төрөлх хотынхоо хөгжил, цэцэглэлт сайн сайхны төлөө гар хумхилгүй хөдөлмөрлөсөөр, түүхийг бүтээсээр, бичсээр явна. Хурлын байгууллагын ажил бухиалан үргэлжилж байна.
 Төрийн ажлын уламжлал шинэчлэл хослон үргэлжилж, түүхийн хуудас эргэж, түүнийг даган нутгийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа улам боловсронгуй болж, хөгжил дэвшлийг дагуулсаар байх нь дамжиггүй. Аймаг сумын ИТХ-ын 2012 оны сонгуулиар сонгогдсон Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.
 
   /Зураг: Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 2012 он/
2012-2016 оны зургаа дахь бүрэн эрхийн хугацаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Төсөв санхүү, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хороо, Өргөдөл гомдлын хороо байгуулагдан ажилласан. Тус бүрэн эрхийн хугацаанд батлагдсан бодлогын баримт бичгүүдээс дурьдвал:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлах тухай /2013-2016/
  • Иргэн төвтэй төрийн үйлчилгээ /2013-2016 онд/
  • 2013-2017 онд хэрэгжүүлэх ГХУС, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого төлөвлөгөө батлах тухай
  • Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөр /2014-2024 он хүртэл/
  • Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлого төлөвлөгөө батлах тухай
  • Хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр төлөвлөгөө батлах тухай
  • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах 2014-2016 онд баримтлах бодлого
  • Шалгуур үзүүлэлт, аргачлал, тайлангийн загвар батлах тухай
  • Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөр
  • Санхүүгийн эх үүвэрийг нэмэгдүүлэх 2015-2018 онд баримтлах бодлого
  • Аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр /2015-2020 он хүртэл/
  • ИШС, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжруулах тухай
  • Аймгийн барилгын салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  • Орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлого
   Аймгийн ИТХ-ын 2016 оны 06 дугаар сарын 29-нд явагдсан сонгуулиар 22 тойргийн 33 суудлын 30 суудалд МАН, 3 суудалд АН тус тус ялалт байгуулжээ. Аймгийн ИТХ-ын 2016 оны 07 дугаар сарын 18-ны Анхдугаар хуралдаанаар 33 Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулснаар аймгийн ИТХ-ын 7 дахь бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн юм.


ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 13
13 / 100%