Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хөдөөгийн баг, бүлгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах талаар сумын ИТХ-аас гаргаж байгаа бодлого шийдвэрийг сурталчилах, төлөөлөгч, иргэдийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сумын ИТХ-ын ажлын албанаас "ИТХ болон ГХУСАЗСЗ-ийн нээлттэй" өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрийг баг, байгууллага, ард иргэд, бүлэг, ААН-үүдэд урьдчилан албан ёсоор тарааж үйл ажиллагаанд оролцууллаа. Оролцогч иргэдийг бүртгэн ИТХ, ГХУСАЗСЗ, хамтарсан багаас бэлтгэсэн "Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль", "Зөрчлийн тухай хууль"-иар эцэг эхчүүдэд хамааралтай, анхаарах асуудлаар гарын авлагыг бэлтгэн тусгай хавтсанд хийж тараалаа. Ингээд сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-н дарга С.Гонгор өдөрлөгийн үйл ажиллагааг нээж үг хэллээ. Сумын ИТХ болон ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ажлын товч мэдээллийг ИТХТ-н нарийн бичгийн дарга Д.Нарантуяа танилцууллаа. Сайн-Оюут ахлах сургуулийн соёл, хүмүүжил хариуцсан багш Х.Пүрэвбаатар "Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль"-аар, Аймгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Буйрцэнгэг "Зөрчлийн тухай хууль"-аар сургалтыг явууллаа. Сургалтад нийтдээ 112 иргэн оролцлоо. Энэхүү нээлттэй өдөрлөгийн үеэр сумын ИТХ-ын дэргэдэх Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооноос "Дээлтэй Монгол" арга хэмжээг зохион байгууллаа. Сумын ИТХ болон ГХУСАЗСЗ-н нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд давхардсан тоогоор 200-аад иргэд хөдөлмөрчид оролцлоо.