Үндэсний их баяр наадмаар нийтийн хоол
үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг
ERDENET.MN сайтаар энэ сарын дөрөвнөөс эхэлж бүртгэнэ. Бүртгүүлэхдээ
аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчдийн
цэнхэр дэвтэр, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажиллах
хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр шаардлагатай гэнэ.
Энэ жил хуушуурын гэрт 30, шорлог хийх
иргэн, аж ахуйн нэгжид 20 зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн
106 павилоны 70 хувьд нь хуушуур хийх зөвшөөрөл өгөх бөгөөд зөвшөөрлийн
үнэ 35 мянга төгрөг юм. Харин гэрт хуушуур хийх бол 20 мянган төгрөгөөр
зөвшөөрлөө авах ажээ.
Мөн худалдаа үйлчилгээ, хоол
үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан иргэд Биеийн тамир, спортын
газарт 30 мянган төгрөгийн барьцаа, цахилгааны төлбөр 5000, хог хаягдлын
хураамж 10 мянга, Татварын хэлтэст 30 мянга, ариутгал, халдваргүйтлын
3000 төгрөгийг урьдчилж төлнө. Нийтийн тээврийн А1, А2, Б гэсэн гурван
төрлийн зөвшөөрөл олгоно. Эдгээр зөвшөөрлийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө
оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс олгох бол ил задгай
худалдаа эрхлэх болон шорлог хийх зөвшөөрлийг Баян-Өндөр сумаас олгоно.
Харин дартс тоглоом, нум, сум харвах, бай онох, буудлага, машин,
мотоцикл унуулах, шоо хаях зэрэг бооцоот тоглоом тоглуулахыг
хориглолоо.
Мэдээллийн төв