Одоогоос хоёр хоногийн өмнө манай
аймгийг дайрсан дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи
шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ багт гамшгийн нөхцөл
байдал үүсээд байсан билээ.
36 айлын байшингийн дээвэр хуурч, 8
айлын байшингийн цонх хагарч, гадна пасад, хана хуурч эвдэрсэн, 44 айлын
гэр, 82 хашаа нурсан, 5 автомашины шил хагарсан, нийт 2 га талбайд
тарьсан 418 мод, цэцэг бут гэмтсэн, 4 хүлэмж нурж гэмтэн, 48 тахиа, 1331
толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд учирсан хохирлыг
одоогоор нийт 228.910.000 төгрөг хэмээн тогтоосон.
Тэгвэл Орхон аймгийн удирдлага,
аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч
ажилласны үр дүнд сэргээн босгох ажлыг богино хугацааны дотор үндсэнд нь
хийж дуусгаад байна.
Өнөөдрийн байдлаар айлуудын
хашааг сэлбэн засч, дээвэр нь хуурсан байшингуудын дээврийн засварлах
боломжтойг янзалж дуссанаас гадна үерт урссан хогийг Хот тохижуулах
газарийн ажилтан ажиллагсад бүрэн бүрэлдэхүүнээрээ цэвэрлэж нийт 3
өөрөөр буулгагч автомашин хогийг ачиж тээвэрлэжээ. Үүнээс гадна үерийн
үед айлуудын бохир хальсаныг ч мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил
хийгдсэн юм. Түүнчлэн үерийн улмаас эвдэрч гэмтээд байсан замуудыг
засварлан хэвийн байдалд оруулсан.
Булган аймгийн Орхон сумын нутаг
“Оросын булаг” орчимд унасан өндөр хүчдэлийн шугамын тулгуур багануудыг
засварлаж байгаа бөгөөд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс
хүн хүч, шаардлагатай автомашин, тоног төхөөрмжийн туслалцаа үзүүлэн
ажиллаж байна.
Мэдээллийн төв