Өнөөдөр аймгийн Онцгой комисс шуурхай
хуралдаж, 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23 минутын орчимд дуу
цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи шуурга үүссэний
улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр
үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаарх дахин хэлэлцлээ.
Хүчтэй
аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр
хууларч, 8 айлын байшингийн цонх хагарч, гадна пасад, хана хуурч
эвдэрсэн, 44 айлын гэр, 82 хашаа нурсан, 5 автомашины шил хагарсан, нийт
2 га талбайд тарьсан 418 мод, цэцэг бут гэмтсэн, 4 хүлэмж нурж гэмтэн,
48 тахиа, 1331 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд учирсан
хохирлыг одоогоор нийт 228.910.000 төгрөг хэмээн тогтоогоод байна.
Харин улс, орон нутгийн өмчид Ар
мэргэний чиглэлийн айл өрхүүдийн эрчим хүч хангах шугам сүлжээний 110
кв-ын 20 ширхэг тулгуур багана, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн эрчим
хүчийг хангах шугам сүлжээний 10 ширхэг тулгуур багана, Булган, Хөвсгөл,
Архангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн 125 сумын эрчим хүчийг хангах
шугам сүлжээний 13 тулгуур багана тус тус эвдэрч нуран ашиглах боломжгүй
болжээ. Байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлийн нийт дүн мэдээ
одоогоор гараагүй байна. Хор уршгийг арилгах, сэргээн засварлах,
ариутгал халдваргүйжүүлэлт гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагаа үргэлжилэн хийгдэж байна.
Аймгийн цэргийн штаб, Зэвсэгт
хүчний 186-р анги, Дүйцүүлэх албаны цэрэг, Цагдаагийн газар, Баян-Өндөр
сум, Улаан загалмайн хороо, Мэргэжлийн хяналтын газар, Хотын захирагчийн
алба, аймгийн ЗДТГ, “Эрдэнэ-Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК,
“Орхон АЗЗА” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Эрүүл мэндийн газар, Онцгой
байдлын газар, ХХААГ, Хот тохижуулах газар гэх мэт байгууллагуудын нийт
334 ажилтан албан хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл
байдлын голомтод холбогдох арга хэмжээг авч ажиллан 75 хашаа, 11 гэр
сэргээн барьж, 6 өрхийн байшингийн дээврийг засч, хөрсөнд ариутгал
халдваргүйжүүлэлт хийн, 123 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, 38 иргэнд
сэтгэл заслын зөвлөмж үзүүлж, 6 иргэнд тайвшруулах эм тариагаар үйлчилж,
1331 толгой малын сэг зэмийг булж устгаад байгаа талаар мэдээллээ.
Булган аймгийн Орхон сумын нутаг
дэвсгэр, “Оросын булаг” орчимд өндөр хүчдэлийн тулгуур, анкерууд унасны
улмаас зарим аймгууд цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байгаа.
Тэгвэл тулгуур баганууд ачсан хүнд даацын автомашинууд “Хөшөөтийн
даваа”-нд саатсан тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хүнд даацын машин
гаргахаар болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс бүх талаар туслаж
дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүссэн нөхцөл байдлын улмаас Эрчим
хүчний сайд П.Ганхүү газар дээр нь ирж ажил байдалтай танилцаж байна.
Мөн Улаан загалмайн хорооноос иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж
эхэлсэн. Орхон аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт
хийгдэхгүй ажээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд
Онцгой комиссын дарга Д.Батлутын зүгээс эвдэрсэн зам гарцуудыг сэргээх,
ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, гамшгаас учирсан хохирлыг
хурдан хугацаанд арилгахыг үүрэг болголоо.
Мэдээллийн төв