Өнөөдөр
аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут болон
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг
Эрдэнэт үйлдвэртэй 2017 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр
байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх
асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж
заасан байдаг ба 2017 онд Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын
ажиллагааны гэрээнд энэ төрлийн 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн байна.
Тухайлбал, Орхон аймагт үйлдвэрлэсэн, импортыг орлох бараа
бүтээгдэхүүнээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах замаар
орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, БОЭТ-ын үйл ажиллагааг
жигдрүүлэх, материаллаг базыг бэхжүүлэхэд зориулан Эрдэнэт үйлдвэр
ХХК-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад
оролцсон анхдагч нар болон барилгачдад үзүүлж байгаа тусламж дэмжлэгийг
үргэлжлүүлэхээс гадна Баянцагаан багт Хангалын голын дагуу цэвэрлэгээ
хийх, Вокзал орчимд усны харгиа барих, Найрамдлын өндөрлөгийн тохижилтыг
хийж цэцэрлэгт хүрээлэн болгох зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг
хийхээр болов.
Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний хамтын ажиллагааны 2017 оны
төлөвлөгөөг боловсруулахдаа энэ жил анх удаа “Эрдэнэт үйлдвэрийн
ирээдүйн хөгжил ба Орхон аймаг” зөвлөлдөх уулзалтыг орон нутгийн төр
захиргааны байгууллагын удирдлагууд болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
удирдлагуудын дунд зохион байгуулсан. Харилцан санал солилцох энэ
уулзалтыг хийснээр орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Эрдэнэт
хотын хөгжилд бодитой хувь нэмэр болох олон ажлыг төлөвлөгөөнд тусгаж
чаджээ.