Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэнэ
25 жилийн ойг Орхон аймагт зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг танилцууллаа. Төлөвлөгөөнд түүхчилсэн товхимол бэлтгэж хэвлүүлэх, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хяналтын программыг хийлгэж, мэдээллийнсан бүрдүүлэх, үе үеийн ИТХ-ын дарга нарын уулзалт ярилцлага зохион байгуулах, “Мини парламент” хуралдуулах зэрэг олон сонирхолтой ажил төлөвлөсөн байна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн төлөвлөгөөнд заасан хүндэтгэлийн хурлыг зөвлөгөөн болгон өөрчлөх, бөхийн барилдааны оронд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах санал оруулснаар тогтоол гаргахаар болсон байна.
Зөвлөл байгуулагдлаа
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг тус тус баталлаа.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Дарга: П.Пүрэвлхагва - Аймгийн ИТХ-ын дарга
Гишүүд: Д.Батбаяр – Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга
Б.Оюунбаяр – Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга
Б.Ганзориг- Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Б.Баасансүрэн- Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга
Г.Баттогтох- Жаргалант сумын ИТХ-ын дарга
А.Наранболд- ГБХЗХГ-ын дарга
Р.Болдбаатар- Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа
В.Энхбаяр- Тагнуулын газрын ажилтан
Нарийн бичгийн дарга: П.Энхцэцэг- Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан
Зөвлөл нь үйл ажиллагаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, жил бүрийн I улиралд тайлан гаргаж байх юм байна.
Сарын аяны төлөвлөгөөг баталлаа
Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил сар бүрийн аяны ээлжит 7-р сарын аяныг
“Түүх соёлоо дээдэлж, түвшин сайхан наадацгаая” сэдвээр зохион байгуулах
ажлын төлөвлөгөөг Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн
хорооны дарга Б.Мөнхдалай танилцууллаа.
Сарын аян 7 дугаар сарын 03-31 өдрүүдэд явагдаж 10 төрлийн ажил
зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулсныг Тэргүүлэгчид хэлэлцэж,
зарим ажлуудыг тодруулах, нэршил өөрчлөх саналуудыг оруулж тогтоол
баталлаа.
Алтангадас одонгоор 2 иргэн тодорхойлогдов
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шилдэг тэргүүний ажилчдыг шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг Төрийн захиргаа удирдлагын хэлстийн дарга Ш.Ганболд танилцууллаа. Аймгийн 11 байгууллагаас тодорхойлолт нь ирсэн 40 иргэдээс 2 иргэн Алтангадас одон, 38 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол гаргалаа.