ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэндчилгээ

2017-06-01

Орхон аймгийн нийт эцэг эхчүүд, алдрай бяцхан үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэндийг хүргэн мэндчилье!   
  Монгол Улс 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний энэ өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон 65 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Хүүхэд, гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн 165 эхчүүд “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулж, энгэрээ мялаалаа.
   Аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд Орхон аймагт амьдарч, сурч, хүмүүжиж байгаа 28000 өрхийн 37000 гаруй хүүхэд, багачуудаа эрүүл чийрэг өсгөх, тэдний оюун ухаан, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Орхон аймагт анх удаагаа 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны “Эрдэнэс” чуулгыг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулсан бөгөөд тус чуулга нээлтийн тоглолтоо амжилттай хийлээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит математикийн олимпиадыг 8900 гаруй хүүхдийг хамруулан зохион байгуулж хүүхэд, багачуудынхаа бүтээлч сэтгэлгээ, оюуныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төрөлх Орхон аймаг- Түүх, соёл, уламжлал” сарын аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн дунд ардын дуу, бүжгийн тэмцээн, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Цагаан шугам, ногоон гэрэл” тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, шаардагдах зардлыг шийдвэрлэлээ.
   Хүүхдийн хөгжил, төлөвшөл, хамгаалал, оролцоог дэмжиж, өсвөр үеэ маргаашдаа тэмүүлсэн хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай, оюунлаг, ёс зүйтэй, үндэсний өв соёл, уламжлалаа дээдэлсэн Монгол хүн болгон төлөвшүүлэхэд эрхэм хүндэт эцэг эхчүүд Та бүхний оролцоо нэн чухал юм. Залуу үеээ эрүүл чийрэг өсгөж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, монгол зан заншил үндэсний уламжлалыг өвлүүлэх, ХХI зуунд дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхахад эдийн засаг, нийгмийн нөхцөлийг бүрдүүлэх ажилд нутгийн удирдлагын дээд байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлого, үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлэн ажиллах болно.

           Монголын эхчүүд эрүүл амгалан, үрс маш олон болтугай!