Энэхүү ажил аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт мөн адил тусгагдсан бөгөөд “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-тай
хамтран “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг 2016 оны 09 дүгээр сараас
эхлэн зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Элэгний вирусгүй хамт олон”
тугийг байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд одоогоор 39 байгууллага,
аж ахуйн нэгжээр аялаж 2935 ажилтан, албан хаагчидад сургалт зохион
байгуулан 1995 хүнд В,С вирус илрүүлэх шинжилгээ хийж, 474 иргэнд В
вирусын вакцин хийсэн байна.
“Аймгийн хүн амын дунд тулгамдаж буй асуудал болох элэгний С В
вирусын шалтгаант өвчлөлийн талаар мэдээллийг ард иргэдэд өгөх,
өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг
эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхи санаачлагыг
идэвхижүүлэх чиглэлээр нилээдгүй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн. Үүний нэг нь “Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл
бөгөөд орон нутгийн төсвөөс 30 сая төгрөг батлагдсан. Мөн аймгийн Засаг
дарга, аймгийн ЭМГ, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-уудын хамтын
ажиллагааны гэрээг үзэглэсэн байна. Бид цаашид хамтран Орхон аймгийн
иргэдийг элэгний вирусгүй болгох шат дараатай үйл ажиллагаа явуулж В,С
вирусын халдварыг илрүүлэх, эмчлэх, өвчлөлийг бууруулах ажлыг улам
идэвхижүүлж, энэ үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэж
аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцоллоо.
Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа А.Амарын талбайд болсон ба нээлтэнд
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг,
аймгийн Засаг даргын орлогч нар А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн
ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор,
БОЭТ-ын дарга Б.Батсүх, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын тэргүүн
Ц.Ариунаа, Эрүүл мэнд, нийгмийн хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын
байцаагч эмч Д.Чимгээ нар оролцож баяр хүргэлээ.